Гурвансайхан нисэх буудал анхны олон улсын нислэгээ долдугаар сарын 18-нд хүлээн авна www.itoim.mn
Өмнөговь аймаг 2026 оны долдугаар сарын 18-нд Япон улсаас ирэх анхны олон улсын нислэгээ хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудал Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос ирэх анхны олон улсын нислэгийг угтан авах бөгөөд уг нислэгийг Hunnu Air компани үйлдэх юм.
Үүнтэй холбогдуулан анхны олон улсын нислэгийг аюулгүй, шуурхай, өндөр зохион байгуулалттайгаар хүлээн авах бэлтгэлийг хангах зорилгоор холбогдох байгууллагуудын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулжээ. Хуралдаанд хилийн шалган нэвтрүүлэх байгууллага, Гадаадын иргэн, харьяатын газрын төлөөлөл, эрүүл мэндийн байгууллагууд, Гурвансайхан нисэх буудлын удирдлага, агаарын тээврийн компанийн төлөөлөгчид болон төрийн холбогдох байгууллагууд оролцсон байна. Энэ үеэр зорчигч, зочдыг тав тухтай угтан авах нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх, хил, гааль болон бусад үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах асуудлаар санал солилцож, байгууллага бүрийн хэрэгжүүлэх үүрэг, чиглэлийг тодорхойлжээ.
Өмнөговь аймаг анхны олон улсын нислэгээ амжилттай хүлээн авснаар цаашид олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, тогтмол хуваарьт нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
Нийтэлсэн огноо2026-07-07





