Нүүрсний пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор 600 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэнэ www.montsame.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй холбогдох албаныхан өчигдөр Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцжээ.
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Багануурын уурхайн 360 тонн нүүрсний дээжид хагас үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, Улаанбаатар хотын хэрэглээний стандарт, шаардлагыг бүрэн хангасан өндөр чанарын хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтойг баталгаажуулсан байна. 134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай тус үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр 1.8 сая тонн хүрэн нүүрсийг боловсруулж, 600 мянган тонн хагас коксон түлш, 84 мянган тонн нүүрсний давирхай, 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх аж. Эрчим хүчнийхээ 26 МВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлэхээр тооцоолсон байна.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар нийслэлчүүдийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, импортын хагас коксыг орлоно хэмээн төлөвлөж байгааг албаныхан онцоллоо. Ингэснээр агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах үр дүн гарахын сацуу сайжруулсан түлшний татаасанд олгодог улсын төсвийн зардлыг жилд 200 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэх боломж бүрдэхийг дурдав. Мөн үйлдвэр ашиглалтад орсны дараа 420 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болох юм.
Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, бүтээн байгуулалтыг 2028 оны I улиралд бүрэн дуусгаж, II улирлаас бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэх төлөвлөсөн байна. “Нүүрс-химийн цогцолбор”-ын анхны бүтээн байгуулалт болох уг үйлдвэр ашиглалтад орвол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, импортыг орлох хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.
Мөнхзул.Б
Нийтэлсэн огноо2026-07-07





