Монголбанк: Зээлжих зэрэглэлийн оноод утасны төлбөр, хэрэглээний төлбөрийг хамааруулахгүй www.itoim.mn
УИХ-ын дарга С.Бямбацогт долдугаар сарын 29-нд Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг сайжруулах 10 чиглэлийг Монголбанкинд өгчээ. Уг чиглэлийн дагуу Монголбанк ажлын хэсэг байгуулж, зээлийн мэдээллийг шинэчлэх ажлыг хийж эхэлсэн талаараа мэдээлэл өглөө.
Зээлжих зэрэглэлийн оноонд зээлийн мэдээллийг хүлээж авсан даруйд өөрчлөлт оруулдаг болжээ. Өмнө нь зээл төлөлтөөс хамаараад сард нэг удаа өөрчлөлт оруулдаг байсан юм.
Монголбанкны зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн: Зээлийн мэдээллийн зээлжих зэрэглэлийн оноонд утасны төлбөр болон хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхөө больсон. Зээлжих зэрэглэлийн оноонд зөвхөн зээлийн мэдээлэл холбогдох зээлтэй холбоотой мэдээлэл, түүхийг хамааруулна. Цаашдаа Зээлийн мэдээллийн тухай хууль болон журмуудад өөрчлөлт оруулахаар бэлдэж байна.
Иргэд зээлжих зэрэглэлийн оноо болон зээлийн лавлагаа хоёрыг хольж ойлгоод байдаг. Зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг нь иргэн аж ахуйн нэгжийн авсан зээлийн түүхийг хэлнэ. Зээлжих зэрэглэлийн оноо гэдэг нь зээлээ хэрхэн төлж байгаа, зээлийн түүхэн дээр суурилаад санхүүгийн сахилга батыг харуулж байгаа оноо юм. Зээлжих зэрэглэлийн оноог 2024 онд нэвтрүүлж эхэлснээс хойш санхүүгийн байгууллагуудын ашиглалт бага байгаа. Өнөөдрийн байдлаар бүх санхүүгийн байгууллага ашиглаж эхлээгүй байна гэсэн үг. Иргэд зээлээ хугацаандаа төлөөд явахад оноо нь өсөөд явна. Өнөөдрийн байдлаар хугацаа нь хоцорсон утасны төлбөр 390 мянга, одоо идэвхтэй байгаа 300 мянган төлбөр оноонд нөлөөлөхгүй болж байна.
Нийтэлсэн огноо2026-08-30





