Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ www.gogo.mn
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Монголбанк өнгөрсөн наймдугаар сарын 12-нд бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэсэн юм.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт шийдвэрийг танилцуулахдаа инфляцын түвшин өндөр байгаа энэ үед бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг хэлэв. Харин бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжил, эргэлтийг сулруулах эрсдэлтэй гэж үзсэн байна.
Тэрбээр эдийн засгийн өсөлт 7.7 хувьд хүрсэн хэдий ч уг өсөлтийн дийлэнхийг уул уурхайн салбарын өсөлт бүрдүүлж байгааг онцоллоо. Харин уул уурхайгаас бусад салбарын өсөлт харьцангуй бага байгааг мэдээлэв.
Мөн өрхийн хэрэглээ хоёрдугаар улиралд 4.4 хувиар буурсан бөгөөд хүнсний бус хэрэглээний бууралт үүнд нөлөөлсөн байна. Монголбанкны зүгээс энэ үзүүлэлт нь мөнгөний бодлогын өмнөх шийдвэрүүдийн нөлөө бүрэн шингэхээс өмнө бий болсон үр дүн гэдгийг тайлбарлав.
Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлсний дараа хэрэглээний зээлийн өсөлт саарч, бизнесийн зээлийн хэмжээ нэмэгдсэн талаар мэдээллээ.
Инфляц оны эцэст буурах ч зорилтот түвшнээс өндөр байна
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Н.Ургамалсувдын мэдээлснээр инфляцын цаашдын төсөөллөөр оны эцэст одоогийн түвшнээс буурах боловч Монголбанкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байх төлөвтэй байна.
Монголбанкны албан мэдээллээр 2026 оны наймдугаар сарын улсын инфляц 12.5 хувь, Улаанбаатар хотын инфляц 11.6 хувь байна.
Мөн 2026 оны төсвийн тодотгол болон төсөв батлагдсан тохиолдолд эдийн засаг, инфляцад үзүүлэх нөлөөллийг дахин тооцож, шаардлагатай бол Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурал хийх боломжтойг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мэдээлэв.
Мөн төв банкны зүгээс мөнгө хэвлэх нь инфляцыг өдөөх учир мөнгө хэвлээгүй, цаашдаа хэвлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Нийтэлсэн огноо2026-09-17





