1 MONGOLIA PLANTS 140 MLN TREES SINCE 2021 TO COMBAT DESERTIFICATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/05      2 MONGOLIA TO COOPERATE CLOSELY WITH FIFA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      3 MONGOLIA HARVESTS MAJORITY OF WHEAT, VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      4 FOREIGN MINISTRY POLITICAL CONSULTATIONS HELD WITH AUSTRALIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/05      5 KAZAKHSTAN, MONGOLIA EXPAND COOPERATION IN ENERGY, AGRICULTURE AND MINING WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/04      6 MONGOLIA’S FUEL CRISIS: WHEN THIRD-NEIGHBOR DIPLOMACY MEETS SUPPLY-CHAIN REALITY WWW.INDRASTRA.COM PUBLISHED:2026/10/03      7 MONGOLIA’S STRENGTH IS ITS REMARKABLE BALANCE WWW.JUDOINSIDE.COM PUBLISHED:2026/10/03      8 MONGOLIA INTRODUCES NEW GOVERNANCE FRAMEWORK FOR STATE-OWNED COMPANIES WWW.MCUSERCONTENT.COM PUBLISHED:2026/10/03      9 MONGOLIA SIGNS ADB LOAN AGREEMENTS FOR EDUCATION AND HEALTH PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/03      10 MONGOLIA WELCOMES 841,506 TOURISTS IN FIRST NINE MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/03      АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ НДШ-ИЙН ХЭМЖЭЭГ 0.2 ХУВИАР БУУРУУЛЖ, 12.3 ХУВЬ БОЛГОЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМАНД 748 ЯМАА УСТГАЛД ОРУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТОМИЛОЛТ: ЯПОНЫ СҮҮЛЧИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ МОНГОЛД ШИНЭ ГАРЦ НЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ОХУ: ЛАБОРАТОРИЙН СУДЛААЧИЙН ҮХЛИЙН ДАРАА 200 ХҮНИЙГ АЖИГЛАЛТАД АВААД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     500 ОЮУТНЫ ХОТХОН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     С.ЦЭНГҮҮН: АЛТАН ГАДАС, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ЗЭРЭГ ШАГНАЛЫГ ТӨРӨӨС ОЛГОХ НЬ ЗОХИМЖГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     МОНГОЛД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     "МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     Г.ДАМДИННЯМ: ДОТООДДОО ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ ШААРДЛАГЫГ БҮРЭН ХҮЛЭЭЖ АВНА. ХАРИН ГАДААД ШОКИЙГ БИ ШИЙДЭХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/03     Б.ПҮРЭВДАГВА: ХОТЫН ТӨВД ДАХИН ШӨНИЙН МАРАФОНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/03    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ТОМИЛОЛТ: Японы сүүлчийн хөнгөлөлттэй зээл Монголд шинэ гарц нээнэ www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гадаад улсад хийх анхны албан ёсны айлчлалаа Япон Улсад хийлээ. Анхны айлчлалаараа Японыг сонгосон нь хоёр улсын харилцаанд өгч буй ач холбогдлыг илтгэхээс гадна Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэгийг харуулсан сонголт байв.
Японы тал ч энэ айлчлалд өндөр ач холбогдол өглөө. Монгол Улсын Ерөнхий сайдын түвшний айлчлал найман жилийн дараа болсон юм. Японы тал Монгол Улсыг “хамгийн чухал гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, хоёр орны “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийг дараагийн шатанд ахиулахаа илэрхийлэв. 
Айлчлалын ач холбогдлыг хэлсэн үгээр бус, хүрсэн тохиролцоо, хэрэгжих шийдвэрээр хэмжих нь зүйтэй. Энэ удаад Япон Улс Монголд олгох сүүлчийн нэн хөнгөлөлттэй зээлээ баталж, Чингис хаан нисэх буудлыг гурав дахин өргөтгөхөөр боллоо. Тохиролцоонуудаас гурван гол асуудлыг онцлон тоймлоё.
1. Сүүлчийн хөнгөлөлттэй зээл

 Япон Улс Монгол Улсын хамгийн том дэмжигч, хандивлагч байсаар ирсэн. Өнгөрсөн 50 гаруй жил Монголын томоохон үйлдвэр үйлчилгээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжин, буцалтгүй тусламж, нэн хөнгөлөлттэй зээл олгосоор иржээ. Тухайлбал, 1977 онд Японы анхны буцалтгүй тусламжаар өнөөгийн “Говь” компанийн үйлдвэрийг барьж байсныг бид мартаагүй. Үүнээс хойш Монгол, Японы төв, Нарны гүүр, Монгол, Японы эмнэлэг, Чингис хаан олон улсын нисэх буудал зэрэг томоохон төслийг Японы Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан түүхтэй. 
Сая Ерөнхий сайд Н.Учралын айлчлалаар Япон Улсын Засгийн газар Монгол Улсад хамгийн сүүлчийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг баталлаа. “Сүүлчийн” гэж тодотгож буйн учир нь Монгол Улс Дэлхийн банкны ангиллаар дундаж орлоготой орны тоонд багтах болсон явдал. Ингэснээр нэн хөнгөлөлттэй зээл авах шугам хаагдаж, хөгжиж буй орны арилжааны зээлийн нөхцөл рүү шилжинэ. Энэхүү сүүлчийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зарцуулахаар талууд тохиролцлоо.
Нийт хэмжээ: 158 тэрбум иен ($995 сая)
Хугацаа: 40 жил
Эргэн төлөлтөөс чөлөөлөх хугацаа: 10 жил
Хүү: Жилийн 1.1 хувь
 2. Чингис хаан нисэх буудал 15 gate-тэй, транзит зорчигч хүлээн авдаг болно
Чингис хаан олон улсын нисэх буудлыг Японы хөнгөлөлттэй зээлээр барьж, 2021 оны долдугаар сард анхны зорчигчоо хүлээн авсан. Анх 2010 онд баталсан ТЭЗҮ-ээр жилд 1.6 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай, олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг, нийт зургаан gate буюу хоолойтойгоор байгуулагдсан. Гэвч сүүлийн хоёр жил ачаалал нь тооцоолсон хүчин чадлаас давж, 2.5 саяд хүрсэн тул Монголын тал өргөтгөх саналаа Японы талд тавьсаар иржээ.
Айлчлалаас өмнө хоёр улсын Гадаад харилцааны сайд нар харилцан айлчилж, өргөтгөлийн судалгаа, дүгнэлтийг хэлэлцсэн байна. Талууд богино хугацаанд тохиролцоонд хүрч, Ерөнхий сайдын айлчлалын үеэр өргөтгөлийн санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд З.Мэндсайхан, JICA байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико нар гарын үсэг зурав.

ТЭЗҮ-ийн дагуу нисэх буудлыг 81 900 метр квадратаар өргөтгөж, есөн gate нэмнэ. Ингэснээр нийт 15 gate-тэй, 118 600 орчим метр квадрат талбайтай болж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авна. Энэ нь одоогийн хүчин чадлаас 3.25 дахин их юм. Агаарын хөлгийн явгалах зам, зогсоол болон бусад дэд бүтцийн барилгыг ч дагалдуулан өргөтгөнө. 
Одоогийн буудал 37 мянган метр квадрат талбайтай, транзит зорчигчийн заалгүй, шахагдмал орчинд ажиллаж буй. Өргөтгөлөөр транзит заал, транзит зочид буудлыг шинээр байгуулж, транзит зорчигч хүлээн авах боломжтой болно. Өргөтгөлийн дийлэнх хэсэг буюу 61 мянган метр квадрат нь зөвхөн зорчигчийн талбай байх юм. 
Бүтээн байгуулалт 2037 он хүртэл үргэлжилж, 2039 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана. Технологийн нарийн шийдлээс бусад барилга угсралт, дэд бүтцийн ажилд Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулахаар Зээлийн ерөнхий хэлэлцээрт тусгав. 
Буянт-Ухаа орон нутгийн нислэгт буцна

Айлчлалын багт багтсан Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нисэх буудлын концессыг хамтран эзэмшигч Мицүбиши корпорацын удирдлагуудтай уулзлаа. Тэрээр зургаан жилийн өмнө байгуулсан Концессын гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулж, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлыг орон нутгийн чиглэлд ашиглах санал тавьжээ. 
Сайдын хэлснээр, Японы тал саналыг хүлээн авч, судалж шийдвэрлэхээ илэрхийлсэн бөгөөд Мицүбиши корпорац Буянт-Ухаад орон нутгийн нислэгийг зохион байгуулж, менежментийг нь хамтад нь хийх боломжтой гэжээ. “Тэгэхээр цаашдаа орон нутгийн нислэг Буянт-Ухаа нисэх буудлаас явна гэж ойлгож болно” хэмээн тэрээр онцлов. 
Мөн Чингис хаан нисэх буудлаас Буянт-Ухаа, тэндээс хотын төв хүртэл хөнгөн галт тэрэг явуулах төслийг Японы талд танилцуулсан байна. “Нисэх буудлаа өргөтгөж байгааг дагаад зорчигчийн урсгал, түгжрэл эрс нэмэгдэнэ. Тиймээс дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдэх саналаа тавьсан” гэж сайд тайлбарлав. Японы тал энэ саналыг судалж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. 
Ямартай ч нисэх буудлыг өргөтгөснөөр аялал жуулчлал хөгжиж, Монголын эдийн засгийг солонгоруулах шинэ гарц нээгдэнэ гэдгийг талууд онцолсон юм. 
3. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт амь оруулна

Ерөнхий сайд Н.Учрал айлчлалын хүрээнд Японы гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих Жетро байгууллагын төв оффисоор зочилж, Японы бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөлөгчидтэй уулзав. Энэ үеэр тус байгууллагын удирдлагууд Монгол Улсад Төлөөлөгчийн газраа нээхээ зарлалаа. Ингэснээр хоёр орны бизнесийн хамтын ажиллагаа идэвхжиж, Монголын бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх боломж нээгдэж байгаа аж. 
Арван жилийн өмнө баталсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт Монгол Улс алдагдалтай яваа. Тухайлбал, 2015-2025 онд Японоос хийсэн импорт дөрвөн дахин өсөж тэрбум ам.доллар давсан бол Монголоос Япон руу хийх экспорт 50 гаруй хувиар буурч, дөнгөж 9.1 сая ам.долларт хүрсэн. Товчхондоо, Монголын аж ахуйн нэгжүүд Японы зах зээлийн босгыг давж, хангалттай бараа бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байгаа нь гол шалтгаан. Тиймээс Жетро Японы стандарт, ноу-хауг Монголын аж ахуйн нэгжүүдэд түгээхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. 
Жетро нь дэлхийн 56 улсад 76 оффис, 1980 ажилтантай. Ирэх арваннэгдүгээр сард Японы олон хөрөнгө оруулагч Монголд ирж, бизнес форум зохион байгуулахаар боллоо. Эхний ээлжинд газрын ховор элемент, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн органик хүнс гэсэн гурван салбарт бизнесүүдийг холбоход анхаарах юм. 
Албанынхан Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийсэн айлчлалыг хэрхэн дүгнэснийг хүргэе.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол, Япон сүүлийн 30 жил бүх салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлж ирсэн. Японы тал ч хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг байнга үзүүлсээр ирсэн. Хамгийн сүүлийн, хамгийн том төсөл бол Чингис хаан олон улсын нисэх буудал. Буудлыг өргөтгөх шийдвэр гаргахад хоёр талаасаа удаан хугацаанд судалгаа, дүгнэлт хийсэн. Ерөнхий сайдын айлчлалаар энэ асуудал шийдэгдэж, богино хугацаанд хэлэлцээр хийж чадлаа. Монголын талын тавьсан бүх хүсэлтэд Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ хариулт өгсөн. Үнэнийг хэлэхэд, хүлээлт өндөр байгаагүй асуудлуудаар нааштай хариулт авсан учраас Ерөнхий сайдын айлчлалыг маш өндөр үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Японы талд түлш, шатахууны агуулах болон дамжуулан ачих хүчин чадлаа нэмэгдүүлэх төслөө танилцуулж, дэмжин ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ “Power Asia” санаачилгынхаа хүрээнд хамтран ажиллаж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь айлчлалын том үр дүн боллоо. Бид гурван багц санал тавьсан. Нэгд, улсын нөөцийн 100 мянган тонны багтаамжтай сав байгуулах. Хоёрт, Онцгой байдлын ерөнхий газарт зориулсан 60 мянган тонны багтаамжтай сав байгуулах. Ингэснээр нэг сарын хэрэглээтэй тэнцэх, нийт 160 мянган тонны савтай болох юм. Гуравт, өмнөд хилийн дамжуулан ачих хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх. Ойрын хугацаанд энэ гурван төслийн ТЭЗҮ-ийг хийж, хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан: Айлчлалын хамгийн гол үр дүн бол Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн асуудлыг шийдсэн явдал. Мөн 2027 онд Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох тул түүнийг угтаж хэд хэдэн асуудлыг шийдэх эхлэлийг тавьсан айлчлал боллоо. Тухайлбал, JICA-гийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хоёр шатлалтай зээл олгох, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс давхар татварын асуудлыг шийдэх, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлыг талууд ойрын хугацаанд шийдвэрлэхээр тохиролцлоо. Монгол, Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг идэвхжүүлэх, харилцан ашигтай байлгах үүднээс Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжин ажилладаг Жетро байгууллага Улаанбаатар хотод салбараа нээн ажиллуулахаар боллоо.
Японы ашиг сонирхол юу вэ

Япон Улс Монголтой харилцаагаа ахиулахдаа урт хугацааны дараах нүүдлийг харж байгааг шинжээчид онцлов.
Нөөц ба эрчим хүч. Япон түүхий эд, эрчим хүчнийхээ дийлэнхийг импортоор авдаг тул нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдлынх нь гол зорилт. Жетрогийн нэрлэсэн гурван салбарын эхэнд газрын ховор элемент бичигдсэн нь санамсаргүй хэрэг биш. Цэвэр эрчим хүч ч мөн адил. Монголд их хэмжээгээр үйлдвэрлэж, устөрөгч, улмаар аммиак болгон Япон руу нийлүүлбэл зардал нь хоёр дахин бага гэсэн тооцоо бий. Технологи нь Япон Улсад, нөөц нь Монгол Улсад байгаа тул талууд энэ хоёрыг хослуулан Японы зах зээлд гаргахаар тохиролцсон. 
Харилцан ашигтай зах зээл. Япон цаашид хувийн сектор, дэд бүтцэд хөрөнгө оруулж, Засгийн газар нь түүнийг дэмжих хэлбэрээр оролцохыг зорьж байна. Нисэх буудлын өргөтгөл үүний жишээ. Зээлийг Япон олгож, технологийн нарийн шийдлийг Японы тал гүйцэтгэж, буудлын менежментийг Мицүбиши корпорац хамтран эзэмшинэ. Зорчигч гурав дахин нэмэгдэх хэрээр концесс эзэмшигчийн орлого ч мөн өснө. 
Геополитик. Орос, Хятадын дунд оршдог ардчилсан Монгол тогтвортой, эдийн засгийн хувьд бие даасан байх нь Японы бүс нутгийн бодлогод нийцдэг. “Хамгийн чухал гуравдагч хөрш” гэсэн тодорхойлолтын цаана энэ тооцоо бий. 
Товчхондоо, тусламжийн үе дуусаж, харилцан ашигтай түншлэлийн үе эхэлж байна. Япон нөөц, эрчим хүч, найдвартай түнш хайж байгаа бол Монгол технологи, хөрөнгө оруулалт, зах зээл хүсэж байна. Хоёр талын ашиг сонирхол хаана огтлолцож, хэрхэн тэнцвэржиж болохыг энэхүү айлчлал харууллаа.

Энхтайван МӨНХЦЭЦЭГ

Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-10-05