"Чингис хаан баялгийн сан нэгдэл"-ийн хэрэгжүүлэх 6 төсөл www.itoim.mn
"Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК хуучнаар “Эрдэнэс Монгол” нэгдэл стратегийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийг хөгжүүлэх болон хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тодорхой төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх аж.
Тодруулбал,
Нүүрс-пиролизын үйлдвэр төсөл: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой 134 сая ам.долларын өртөгтэй төсөл юм. Уг төслийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллыг хагас коксиж түлшээр хангах юм.
Зэс боловсруулах үйлдвэр төсөл: 773 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд барихаар тооцоолж байгаа. Үйлдвэр ашиглалтад орсноор катодын зэсээс гадна стандарт зэс, алтан гулдмай, мөнгөн гулдмай, хүхэр, түүхий никель, сульфат гэхчлэн нийт долоон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн жилдээ 1.1 тэрбум ам долларын борлуулалт хийнэ.
Ган боловсруулах үйлдвэрийн төсөл: 806 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж ТЭЗҮ баталсан. Төсөл хэрэгжсэнээр жилд 1 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Арматур – 500 мянган тнГан бэлдэц – 400 мянган тнГан бөмбөлөг – 100 мянган тнЖилд 850 мянган тн коксжих нүүрс боловсруулж, 600 мянган тн металлургийн кокс үйлдвэрлэнэ гэж тооцож байгаа.
60 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, өөрийн хэрэгцээний тодорхой хувийг хангахаар тооцож байна. Ингэснээр дотоодын ган бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах, улмаар ган боловсруулах дагалдах үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг ажлын хэсгийн гишүүд дурдав.
Хойд бүргэдэйн алтны төсөл: “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ний охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс”-ын хамтарсан багийн хийсэн хайгуулаар үр дүнд Хармагтайн бүлэг ордоос холгүйхэн, “Хойд бүргэд”-д хүдрийн биетийг илрүүлсэн. Засгийн газраас хайгуулын лицензийг төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанид өгсөн. Ингээд Н.Учралын Засгийн газар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар судлах ажлын хэсгийг байгуулаад байгаа.
Хайлуур жоншны төсөл: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт жонш баяжуулах, боловсруулах, химийн үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр “Бор-өндөр” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, жоншны 97 хувийн баяжмал, фторт устөрөгч, фторт хөнгөн цагаан, фторт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Цаашид хайлуур жоншны нөөцөд түшиглэсэн хими-технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, тэргүүн ээлжид хайлуур жоншны баяжмалыг боловсруулан фторт нэгдлүүдийг гарган авснаар жоншны салбарт бизнесийн орчин сайжирч, бүтээгдэхүүний нэр төрөл, өрсөлдөх чадвар, худалдааны эргэлт нэмэгдэн, фторын хүчил, фторт хөнгөн цагаан үйлдвэрлэгч, экспортлогч улс болно.
Шохойн үйлдвэрийн төсөл: "Хөтөл ҮТП”-ийн үндсэн үйлдвэрийн төсөл нь 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Цемент Шохой ХХК-ийн одоогийн шохойн үйлдвэр нь олон жилийн элэгдэлд орсон, тоног төхөөрөмжүүд хуучирсан тул өртөг зардал өндөр, бүтээгдэхүүн нь чанар, стандартын шаардлага хангахгүй болсон тул энэхүү төслийг 2023 оноос санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-иас хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн 2025 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Хөтөлийн ойр орчимд буюу Дархан, Сэлэнгэ, Булган аймгуудад нийт 59.09 сая тн бүхий 23 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас 49.7 хувь нь “Цемент шохой” ХХК-д харьяалагдаж байна.
"Чингис хаан баялгийн сан нэгдэл" ашиггүй ажиллаж байгаа охин компаниудаа татан буулгаж, 260 орон тоог цомхотгож, 67 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ улс орны эдийн засаг болон боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилгоор дээрх зургаан төслийг хэрэгжүүлэх аж. Ингэхдээ төслүүдийн санхүүжилтийг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" болон гаднын хөрөнгө оруулалт босгох замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-10-07





