Тээврийн хэрэгслийн импорт I сард өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар буурчээ www.bloombergtv.mn
Шинэ төрлийн “коронавирус”-ийн эрсдэл үүссэн нэгдүгээр сард тээврийн хэрэгслийн импорт 83.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар буурсан байна. Ялангуяа суудлын автомашины импортын үнийн дүн 34.7 хувиар огцом буурчээ.
Нэгдүгээр сард иргэдийн хувиараа оруулж ирж байгаа импорт зогссон болон Тяньжинаар дамжин ирэх тээвэр саатсан нь импортод голлон нөлөөлсөн гэж Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Импортыг харвал 10-аас дээш жилийн насжилттай, хуучин автомашин 57.2 хувийг, шинэ автомашин гурван хувийг бүрдүүлсэн байгааг Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциаци мэдээлсэн байна. Энэ хугацаанд дистрибьютер компаниуд нийт 171 ширхэг шинэ автомашин борлуулжээ.
Нийт борлуулалтын 83 орчим хувийг SUV ангиллын автомашин бүрдүүлсэн байна. Автомашины борлуулалтад шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар шууд нөлөөлөхөөргүй байгаа гэж “Toyota Sales Mongolia” компани мэдээлж байсан юм. Харин төмөр замын тээвэрлэлт саатах нь эрсдэл дагуулна гэж тооцоолж байгаа аж.
Нийтэлсэн огноо2020-02-13