III улиралд шинэ орон сууцны дундаж үнэ М² нь 2.49 сая төгрөг хүрч , 2.48 хувиар өсөв www.bloombergtv.mn
Энэ оны III улирлын байдлаар нийслэлд шинэ орон сууцны дундаж үнэ ам метр нь 2.49 сая төгрөг хүрч, өмнөх улирлаас 2.48 хувиар өсжээ. Харин өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өссөнийг “Тэнхлэг зууч” мэдээллээ.
Үнийн өсөлтөд валютын ханшийн өөрчлөлт болон барилгын материалын үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр нь харвал хамгийн өндөр дүнтэй нь Чингэлтэй дүүрэгт байна. Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ 3.8 сая төгрөг хүрч, өмнөх улирлаас долоон хувиар өсжээ.
Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны төслүүд цөөн хэрэгждэг нь ийнхүү үнийн өсөлтөд нөлөөлж байна. Харин бусад дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ нэг ам метр нь 1.7- 3 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Есдүгээр сарын байдлаар нийт 512 төсөл хэрэгжиж байна. Үүнд нийтийн орон сууц 385, хаусны 127 төсөл багтаж байна. Үүнээс захиалга авч буй шинэ орон сууцны 41 мянга гаруй айлын 245 төсөл байна.
Нийтэлсэн огноо2020-10-21