МБХ: Банкнуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ өндөр байна www.bloombergtv.mn
Банкнуудын хөрөнгийн өгөөж хадгаламжийн өгөөжөөс өндөр хэвээр байна.Системийн нөлөө бүхий хоёр ч банк IPO хийгээд байна. Хамгийн эхэнд IPO хийсэн “Богд” банк 2023 оны гуравдугаар сард хувьцаагаа 20 хувааж, 80 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1.25 тэрбум ширхэг хувьцаатай болоод байгаа юм.
Хувьцаагаа хувааснаас хойш ханш нь 8.97 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол “Голомт” банкны хувьцааны ханш IPO хийснээс хойш 13.5 хувиар буурчээ.
IPO хийсэн бакнуудын хувьцааны ханшийн богино хугацааны үзүүлэлт ийм байгаа бол банкны салбарын гол үзүүлэлтүүд сайн байгааг Монголын Банкны Холбоо мэдээллээ. Тодруулбал: санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэлцэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг илэрхийлдэг үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээ банкнуудын хувьд өндөр байгаа аж. Задлаад харвал банкнуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний дундаж 19 хувь байна.
Системийн нөлөө бүхий банкнуудын өөрийн хөрөнгийн дүн 4.6 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн бөгөөд банкнуудын хөрөнгийн өгөөж хадгаламжийн өгөөжөөс өндөр хэвээр байгаа юм.
Мөн иргэдийн хэрэглээний зээлийн чанаргүйдэл хэвийн түвшинд байгаа ч картын болон автомашины зээлийн чанаргүйдэл нэмэгдэх төлөвтэй байгааг Монголын Банкны Холбоо тайландаа тусгажээ.
Нийтэлсэн огноо2023-03-29