Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оныхоос 9.8 хувиар нэмэгджээ www.montsame.mn
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд 2024 оны мөн үеийнхээс 8.6 хувиар их байна.
Хүнсний барааны үнэ 6.8 хувиар, хүнсний бус барааны үнэ 9.4 хувиар, бусад барааны үнэ 6 хувиар, үйлчилгээний үнэ 17 хувиар нэмэгджээ.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны мөн үеийнхээс 13.7 хувиар өсөхөд:
үхрийн махны үнэ13.2 хувиар, адууны махны үнэ 2.5 хувь, хонь, ямааны махны үнэ 17.1 хувиар,
талх, гурил, будааны бүлгийн үнэ 3.9 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 5.9 хувиар, гоймонгийн үнэ 19.3 хувиар нөлөө үзүүлжээ.
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны мөн үеийнхээс 9.8 хувиар нэмэгдсэн. Хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.6 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.1 нэгж хувиар нөлөөлсөн аж.
Худалдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ энэ оны 4 дүгээр сард 22929 төгрөг байжээ. Энэ нь 2023 оны 4 дүгээр сарынхаас 21.7 хувиар, 2024 оны 4 дүгээр сарынхаас 14.1 хувиар их байна.
1-р зэргийн гурилын дундаж үнэ энэ оны 4 дүгээр сард 2229 төгрөг байна. Энэ нь 2023 оны 4 дүгээр сарынхаас 1 хувь, 2024 оны 4 дүгээр сарынхаас 9.1 хувиар буурчээ.
Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2025 оны 4 дүгээр сард 2390 төгрөг болж, 2023 оны 4 дүгээр сараас хойш өөрчлөлтгүй байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.6 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5 нэгж хувиар нөлөө үзүүлсэн байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 4 дүгээр сард 5.7 хувь байсан аж. Харин 2025 оны 4 дүгээр сард 8.6 хувь болж, өсөлтийн хурд өмнөх оны мөн үеийнхээс 2.9 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны мөн үеийнхээс 8.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.5 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.7 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.7 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар нөлөөлсөн.
Баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.9 хувь, Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 7.9 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 10.9 хувиар, өссөн нь хамгийн их байна.
Бүх аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны мөн үеийнхээс 4.0-15.3 хувиар нэмэгдсэн аж. Булган аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4 хувиар хамгийн бага, Ховд аймагт 15.3 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна.
Хэрэглээний үнийн индексийн сагсны төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, үнэн зөв байдлыг хангах үүднээс хэрэглээний сагс, жинг 3 жилд нэг удаа шинэчилдэг.
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний сагсыг 418 бараа, үйлчилгээ (аймагт 333 бараа, үйлчилгээ)-гээр бүрдүүлж, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны үр дүнгээр жинг тооцон, 2023 оны дундаж үнийн суурьтайгаар 2025 оны 2 дугаар сараас эхлэн тархааж байна.
Мөн аймгийн дундаж үнийг тооцохдоо сонгогдсон 112 сумын үнийн мэдээллийг хамруулж байна. Гол нэр төрлийн барааны үнийг сум, аймаг, дүүрэг, нийслэлээс сар бүр цуглуулдаг хэмээн Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.
Нийтэлсэн огноо2025-05-12