ХАА биржээр ₮13.2 тэрбумын улаанбуудай арилжив www.bloombergtv.mn
Өнгөрсөн онд нийт 996 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна
Хөдөө аж ахуйн биржээр үрийн болон хүнсний улаан буудайн дуудлага худалдааг өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас долоо хоног тутам зохион байгуулж эхэлснээс хойш нийт 13.2 тэрбум төгрөгийн арилжаа хийснээ мэдээллээ. Энэ хугацаанд нийт 70,627 тонн хүнсний улаанбуудай, 8,700 гаруй тонн үрийн улаанбуудай зарах захиалга ирснээс 14-22 хувийг нь биржээр арилжсан байна.
Цаашид хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцогчдын тоог нэмэхийн тулд үйл ажиллагааг нь бүрэн цахимжуулах шаардлагатайг ХХААХҮ-ийн сайд мэдээлж байсан. Мөн шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан хоршоодыг бүртгэлжүүлж, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэйг тодотгож байлаа. Шинэ хоршоо хөдөлгөөн өнгөрсөн оны хавраас хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд нийт 6,000 гаруй шинэ хоршоо байгуулагдаж, 68,000 орчим малчин хоршоонд элссэн байна.
Үүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг биржээр бүрэн арилжаалж, экспортлохын тулд ченжийн тогтолцоог халах шаардлагатайг ХАА гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо онцолсон.
2024 онд хөдөө аж ахуйн биржээр нийт 996 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх оноос 2.9 хувиар өссөнийг Санхүүгийн зохицуулах хороо тайлагнасан. Арилжаалсан нийт түүхий эдийн 84 хувийг ямааны ноолуур, үлдсэнийг нь хонь болон тэмээний ноос, ямааны завод ноос, тосны ургамал бүрдүүлжээ.
Нийтэлсэн огноо2025-03-03