Монгол банкны нэрийг ашиглан олон улсад "Гадаад бонд"-ын луйвар хийж эхэлжээ www.eguur.mn
Монголын хамгийн том банкнаас гадаадад өндөр өгөөжтэй бонд худалдсан хөрөнгө оруулалтын луйврын сурталчилгаа цахим орчинд тархаж байгаа талаар БНСУ-ын Санхүүгийн хяналтын албанаас саяхан “Хэрэглэгчдэд зориулсан анхааруулга” гаргажээ.
Тодруулбал, Энэ сарын 23-ны өдөр /2025.04.23/ Санхүүгийн хяналтын албанаас олон нийтийн сүлжээ (SNS) болон бусад платформоор “Монголд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкнаас ам.доллартай тэнцэх бондод хөрөнгө оруулалт хийснээр жилийн 11 хувийн тогтвортой, өндөр өгөөжтэй байх болно” гэх мэдээлэл цацагджээ. Гэвч энэ нь огт байхгүй хөрөнгө оруулалтын луйвар бөгөөд шалгахад хүндрэлтэй нөхцөлийг ашиглан монголын томоохон банкны нэрийг ашиглаж байгааг Санхүүгийн хяналтын албанаас тайлбарлалаа.
Мөн уг луйвартай холбоотойгоор нэрээ ашиглуулсан монголын арилжааны банк БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан тус банк БНСУ-д бонд зардаггүй гэдгийг Солонгосын ГХЯ-нд мэдэгджээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй албан ёсны зөвшөөрөлтэй томоохон арилжааны банкны нэрийг барьсан тус луйвар нь ам.доллартай тэнцэх бонд нь жилийн 11.7 хувийн өндөр хүүгийн орлого олох боломжтой, ханшийн хэлбэлзлээс үүдэн ханшийн алдагдалд орох эрсдэл бага гэх сурталчилгааг ашиглан луйвар хийж байгаа аж.
Ингэхдээ луйврын жинхэнэ мэт харагдуулах үүднээс холбогдох баримт болгон нийтлэл, хуурамч хөрөнгө оруулалтын гэрээ, амжилтын түүх, ноу-хау, олон арван эерэг сэтгэгдэл бүхий мэдээллийг сошиал сувгуудад байршуулсан байна. Харин тухайн банкны данс нь хуурамч банкны данс бөгөөд тус компани сэжиг төрүүлэхгүйн тулд хуурамч компанитай ижил нэртэй корпораци байгуулж, дараа нь тухайн корпорацийн нэрээр данс нээсэн байжээ.
Энэхүү луйвар нь одоогоор Өмнөд Солонгост явагдаж байгаа бөгөөд бусад улсуудаа хуурамч зар сурталчилгаа явж буй эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: Chosun
Нийтэлсэн огноо2025-04-28