Нийслэлийнхний наадмаар зургаан насны морь уралдаж, 256 бөх барилдана www.news.mn
Аялал жуулчлалын гол улиралд Улаанбаатар хотод энэ жил олон арга хэмжээ, соёл, урлаг, спортын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Тэр дунд мөн зөвхөн нийслэлчүүдэд зориулсан баяры хөтөлбөр тусгагдсан байна.
Тодруулбал, энэ сарын сүүлээр буюу зургадугаар сарын 27, 28-нд Улаанбаатарчууд Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа зохион байгуулахаар төлөвлөөд буй.
Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр, нийслэлийн өдрийг 1994 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэж ирсэн. Энэ баярт иргэд төдийлөн ач холбогдол өгдөггүй, өргөн дэлгэр хамрагдаж чаддаггүй. Тиймээс хотын иргэдийн баярыг зуны цагт тэмдэглэж байх Засгийн газрын шийдвэр гарч, жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдийг нийслэл хотын иргэдийн баяр болгон тэмдэглэхээр болсон. Мөн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэдэг даншиг наадмыг тэмдэглэхгүй.
Өөрөөр хэлбэл, энэ хоёр баярыг нэгтгэж, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрийг иргэдийн баяр болгож тэмдэглэх шийдвэр гарсан юм. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн анхны баярыг зургаадугаар сарын 28, 29-ний өдөр Хүй долоо худагт тэмдэглэнэ. Иргэдийн баяр нь улсын баяр наадмаас гадна гаднын жуулчид ирж сонирхох томоохон арга хэмжээ болно. Тиймээс эрийн гурван наадам явагдана. Бидний тооцож байгаагаар 256 бөх барилдаж, зургаан насны морьд уралдана. Бай шагналыг улсын баяр наадмынхаас илүү байхаар төсөвлөж байгаа. Иргэдийн баярын үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ, хоол, зоогийн үйлчилгээ гарна. Хүй долоо худагт иргэд майхнаа барьж амрах боломжтой. Харин гар дээрээс худалдаа эрхлэхгүй байхыг уриалж байна гэлээ.
Нийтэлсэн огноо2025-06-08