“Плэйтайм” наадмаар 100 мянган үзэгч хүлээн авахаар зэхжээ www.montsame.mn
Азийн тэргүүлэх топ таван хөгжмийн наадмын нэг болох зорилготой “Плэйтайм фестиваль 2025” ирэх сарын 3-6-нд “Плэйтайм” хүрээлэнд болно.
23 дахь жилдээ зохион байгуулах эл наадмаар 3000 түр ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран дөрвөн өдрийн турш 100 мянган үзэгч хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд үр дүнд нь нийслэлийн эдийн засагт 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болгохоор тооцоолсон байна.
Энэ жилийн наадмын талаар “Плэйтайм”-ын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж хэлэхдээ “Шинээр чухал хоёр технологийг нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Энэ нь тасалбарын QR код болон бугуйвчаараа төлбөр тооцоогоо хийх кэйшлесс технологи юм. Ингэснээр бол маш олон давуу тал бий болно. Ялангуяа үзэгчдийн аюулгүй байдлыг сайтар хангана. Наадмын тасалбарыг хуурамчаар үйлдэж борлуулах нийтлэг асуудал тулгардаг. Энэ технологийг нэвтрүүлснээр үзэгчдийг хохироохгүй байх маш чухал алхам болно. Бугуйвчаараа төлбөр төлөх нь урт дараалалд удаан хүлээхгүй байхаас гадна бэлэн мөнгө, төлбөрийн картаа хаяж гээхгүй байх давуу талтай. Түүнчлэн ариун цэврийн байгууламжийг шинэчиллээ. Мөн майхан барих талбайг үнэ төлбөргүй болгосон нь давуу тал. Залуучууд Улаанбаатар хот руу яваад буцаж ирэх гэсээр 100 км замыг туулах болдог. Тиймээс 100 км зам туулахын оронд дулаан хувцаслаж ирээд тухтай байх боломж бүрдэж байна. Ингээд жинхэнэ утгаар нь кемпинг фестивалийг мэдэрцгээе гэсэн бодлоготойгоор энэ жил ажиллаж байгаа юм. Ирсэн хүн бүрд урьд өмнө нь авч байгаагүй хөгжмийн мэдрэмжийг өгөх болно” гэв.
2027 онд Азийн тэргүүлэх топ таван фестивалийн нэг болох зорилготой уг наадмыг өнгөрсөн жил 72 мянган хүн үзэж сонирхсон байна. Тэгвэл энэ жил найман тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, дуучин уран бүтээлээ хүргэх юм. 23 дахь удаагийн наадам пост-метал урсгалаар бүтээлээ туурвидаг Францын алдарт “Alcest”, пост-хардкор урсгалыг дэлгэрүүлэгчдийн нэг Японы алдарт “Envy”, БНСУ-ын пост-рок “Jambinai”, АНУ-ын “YHWH Nailgun”, орчин үеийн хөгжмийн чиг хандлагуудаараа сүүлийн үед анхаарал татаж буй “Balming Tiger”, “Megumi Acorda”, “Selica Gel”, “VVAS” зэрэг хамтлаг, дуучид Монголын тайзнаа уран бүтээлээ хүргэж аж.
“Earth. Music. Art. Love” уриан дор болох наадмын тасалбарыг Shoppy.mn-ээр борлуулж буй бөгөөд ирэх сарын 3-ны хүртэл хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм байна.
Нийтэлсэн огноо2025-06-11