"Бүх нийтээр амрахад экспортын орлого жилд $350-400 орчим саяар тасалдаж байна" www.gogo.mn
Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамж гарган “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн анхны хурал Эдийн засгийн хөгжлийн яаманд боллоо.
Ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахалж байна. Тэрбээр экспортыг голлон бүрдүүлэгч уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэхээр дараах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.Үүнд:
Гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл авахад 15 албан тушаалтнаар дамждаг, зарим тохиолдолд 1035 хоног хүлээсэн жишээг дурдаад гаалийн байгууллагын шат дамжлагыг цөөрүүлэх, холбогдох байгууллагуудын нийтлэг журмыг шинэчлэх,
Хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл эрсдэлийн оноо багатай бол ухаалаг гарцаар саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах,
Бүх нийтийн амралтын өдрүүдээр хилийн боомтуудыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах нөхцөл бүрдүүлэх зэрэг ажлуудыг 2025 оны 9-р сарын 30-ны дотор багтаан шийдвэрлэх.
Одоогийн нөхцөл байдлын үнэлгээгээр хилийн боомтууд бүх нийтийн амралтын өдрөөр амрахад экспортын орлого жилд 350-400 сая орчим доллароор тасалдаж байна гэдэг статистик танилцуулав. Учир нь, “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар нийтээр амрах баяр, амралтын өдрүүдэд хилийн боомт хаадаг.
Тээврийн жолооч хилээр нэвтрэх хүртэл 6 удаа зогсолт хийдэг, AGV терминалаар гарч байгаа тээврийн хэрэгслүүд хуваарийн бусаар нэвтэрч бусад ААН-ийн эргэлтийг 45 хувиар бууруулж байгаа, тээврийн хэрэгсэл хилийн шалгалтад 136 цаг зарцуулдаг зэрэг хүндрэлүүд байгаа юм.
Нийтэлсэн огноо2025-07-23