Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ www.montsame.mn
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонконгийн “ХаоЮань групп” компани шалгарсныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарлалаа.
Монгол Улсад анх удаа хэрэгжих авто замын цогц төсөл нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлээс Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжлэх юм. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой. Бүтээн байгуулалтыг хийхдээ 9.8 км урт гүүр, 190 урт метр туннель, долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий “Exit” уулзвар барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох ажээ.
Энэхүү замын Яармагийн гүүрийн баруун хэсэг дэх орох, гарах хэсэг нь төв замтай холбогдож замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог болон Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн ачааллыг ч хуваалцах ТЭЗҮ-ийн хувьд боловсронгуй бэлтгэгдсэн олон улсын хэмжээний төсөл юм гэдгийг албаныхан онцоллоо. Ийм замтай болсноор Нисэх, Яармаг чиглэлээс гадна хотын төвийн авто замын ачааллыг багасгахын зэрэгцээ хот, улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий сүлжээг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой аж.
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчээр шалгарсан “ХаоЮань групп” компани нь инженер, худалдаа, ложистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг салбарыг хамарсан үйл ажиллагааг 2008 оноос эхлэн явуулжээ. Олон улсад төмөр замын зураг төсөл, хайгуул, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай Хонконгийн цорын ганц хувийн компани юм байна. Тус компани Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонконгт хурдны зам, барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд Африк, Европ, Ази, Ойрхи Дорнодын орнуудад 10 гаруй салбартай аж.
Нийтэлсэн огноо2025-07-23