Ургац муу байгаа учраас шинэ ургацын хүнсний ногооны үнэ өсөх хандлагатай байна www.itoim.mn
Налгар намар ойртож оюутан сурагчдын хичээлдээ орох үе, тариаланчдын ургац буудайгаа хураах цаг хаяанд ирлээ. Эх орныхоо шим тэжээлт хөрсөнд тариалсан жимс, жимсгэнэ, хүнсний ногоо сонгох нь эрүүл мэндийн хувьд мөн санхүүгийн талаасаа ч ашигтай билээ. Гэвч энэ жил Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг зэрэг хамгийн их үржил шимт хөрстэй тариалангийн гол бүс нутгуудад бороо хур бага, гандуу байсантай холбоотойгоор ургац муу байгааг тариаланчид учирлаж байна. Ургац муу авч байгаатай холбоотойгоор шинэ ургацын хүнсний ногооны үнэ өмнөх жилүүдийнхээс өсөх хандлагатай байгаа аж.
Нийслэлийн статистикийн газраас өмнөх долоо хоногийн хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтоо харьцуулахад, хүрэн манжин 2.2 хувиар буурч, кг нь 4342 төгрөг, монгол лууван 5.8 хувиар өсөж 3688 төгрөг, монгол төмс 10.3 хувиар буурч 3079 төгрөг, монгол сонгино 2.9 хувиар буурч 4266 төгрөг, монгол байцай 1.1 хувиар өсөж 3929 төгрөгийн дундаж үнэтэй байна гэж мэдээлсэн.
Эх сурвалж: http://ubstat.mn/news=f0672716-7cea-11f0-93f5-00155d01341a
Нийслэлийн 21 байршилд “Алтан намар-2025” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Бөмбөгөр худалдааны төвийн урд талбай дээр очиж үнийн харьцуулалт хийлээ.
Монгол төмс кг нь 2500, лууван 3500, сонгино 4000, байцай 4000, өргөст хэмх 8000, улаан лооль 9000, амтат чинжүү 8000 мөн жимсний хувьд тарвас 4500 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь том сүлжээ дэлгүүрийн үнээс 1000-2000 төгрөгөөр хямд байгаа боловч Үндэсний статистикийн хорооны гаргадаг гол нэрийн барааны дундаж үнээс (нийслэлийн бүс нутагт) 200-500 төгрөгөөр үнэтэй байгаа юм.
Эх сурвалж: https://www.nso.mn
Бэлтгэсэн: С.Эгшиглэн
Нийтэлсэн огноо2025-08-20