Г.Занданшатар: Банкин дахь дансыг хаадаг бүдүүлэг зохицуулалтыг хална www.news.mn
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж мэдээлэл хийж байна. Монгол Улсын 2026 оны төсөв нь хүний хөгжлийг дэмжсэн, татварын ачааллыг буруулсан, төрийн оролцоог хумьсан, бизнес эрхлэгчдээ дэмжсэн төсөл болсон гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотголоо. Мөн иргэдийн оролцоонд тулгуурлаж төсвийн хуулийг боловсруулснаараа онцлог болохыг дурдав.
Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР:
-Эрүүл мэндийн салбарт 2025 онд 238.1 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн бол 2026 онд 1.3 их наяд болгож 5.5 дахин нэмэгдүүлсэн
Хавдар судлалын үндэсний төв-2 -ыг барьж байгуулъя. Робот заслын тоног төхөөрөмж худалдаж авъя, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засвар, хүчитгэлийг хийе. Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулъя. Булган аймийН 100 ортой нэгдсэн эмнэлэг, яаралтай 17 эмнэлгийг барьж байгуулъя, 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулъя, тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулъя. Монгол хүн эрүүл аж төрөх нөхцөл боломжийг хангасан төсвийн шийдэл боловсрууллаа.
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүллээ.
2025 онд боловсролын салбарын хөрөнгө оруулаЛт 513.3 тэрбум байсан бол 2026 онд 1 их наяд төгрөг болгон нэмэгдүүллээ.
Ингэснээр 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байрыг шийднэ. 66.7 тэрбумын тоног төхөрөмж шийднэ. Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 тэрбум төгрөг нэмж төсөвлөлөө.
Төсвийн хуультай хамт НӨАТ -ын тухайх хуулийг өргөн мэдүүлсэн. Дэлхий дахинд эдийн засаг уналттай, тарифын дайнтай эгзэгтэй хэцүү үе ч НӨАТ -ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлж, 1 сая хүртэлх төгрөгийн худалдан авалтад 5 хувийн буцаан олголт олгоно. 2027 оноос НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно. Ингэж үе шаттайгаар татварын ачааллыг багасгаж, чинээлэг дундаж орлогоо дэмжинэ.
НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор тодотгоход, сард 800 мянган төгрөгийн худалдан авалт хийхэд 80 мянган төгрөгийн НӨАТ төлнө, 2 хувьд 16 мянган төгрөг буцаан авдаг байсан бол 40 мянган төгрөг авна.
Ирэх жил 100 хувь буюу 80 мянган төгрөг буцаан авдаг болно. Нэг саяас дээш бол НӨАТ-ын буцаан олголт 2 хувь хэвээрээ. Нийт иргэдийн 75 хувь сард нэг сая төгрөг хүртэлх худалдан авалт хийж байгаа. Тийм учраас 75 хувьдаа ээлтэй буюу шатлалт НӨАТ хэрэгжүүлнэ.
Сарын 800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас 100 хувь чөлөөлнө. Жишээлбэл, 1.5 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 800 мянгад 0, үлдэж байгаа 700 мянгад 10 хувь төлөхөөр 70 мянгыг төлнө.
Жижиг дунд үйлдвэрийн татварын ачааллыг багасгана. Нийт 2.5 тэрбум төгрөгийн орлоготой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ. Хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгоно.
Банкнин дахь дансыг хааж татвар төлүүлдэг байсан бүдүүлэг зохицуулалтыг хална. Дансыг нь хаах бус татварт суутгадаг шинэ зохицуулалт үйлчилнэ. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болно. Татварын бааз суурыг өргөжүүлж, татварын ачааллыг жигд болгоно.
2025 онд төсвийн зарлага 35.1 их наяд төгрөг байсан бол 2026 онд 32 их наяд болгож, 3 их наядаар бууруулж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байна.
Өмнө нь бид төсвийн тодотголоор 2.3 их наядаар төсвийн үр ашиггүй зардлыг танасан. Үүний үр дүнд төсвийн ДНБ-нд эзлэх урсгал зардал 26.6 хувь байсныг 24 хувь болгож зорилтот түвшинд хүргэсэн.
Нүүрсний үнэ, алтны үнэ өсөхөөр дагаад бүх урсгал зардлаа тэлж, өрөнд ордог , гадаад өрийн дарамт асар ихээр нэмэгддэг энэ жишгийг халж байна. Ийм утгаараа хэмнэлтийн төсөв боллоо.
2025 онд төрийн албан хаагчдын тоо 231 мянга шахам байсан бол 2026 онд 218 мянга болж, төрийн албаны хязгааргүй тэлэлтийг хазаарлаж байна. Төрийн өмчит компанид шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна. 2026 онд төрийн өмчит компаниудыг нэгтгэх, татан буулган, бүтэц орон тоог оновчтой болгох ажил үргэлжилнэ. Төрийн өмчит компанийн тоо 109 байгааг 87 болгож бууруулна гэв.
Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.
-Улсын төсөв бол ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэж байх ёстой гэж боддог. 2026 оны төсөв хэрэгжсэнээр ирэх онд хэчнээн иргэн ажлын байртай болж, хэчнээн иргэнийг ядуурлаас гаргах вэ.Ердөө таван жилийн өмнө Монгол Улс 11 их наяд төгрөгийн төсөв баталдаг байсан бол ирэх жил гурав дахин их буюу 33 их наядын төсөв батлах нь. Зардлаа ахин бууруулж, 33 их наядын төсвийг бууруулах боломж байгаагүй юу. Төрийн өмчит компаниудын тоог бууруулж, ашигт ажиллагааг нэмэхийн тулд ямар арга хэрэгжүүлэх вэ. Ирэх жил 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж, энэ хэр бодитой тооцоолол вэ?
Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР:
-Төсөв гэхгүй эдийн засгийн гол бодлого нь нэгдүгээрт, ажилгүйдлийг бууруулах, хоёрдугаарт инфляци үниэн өсөлтийг хязгаарлахад чиглэж байгаа. Төсвийн тодотголоор урсгал зардлыг 2.3 их наядаар танасны үр дүнд инфляцийг тогтвортой төвшинд барьж чадсан. Танаагүй бол валютын ханш өсөж, инфляци өсөх байсан, энэ хэмжээгээр иргэдэд өндөр дарамт учруулах байсан.
2020 онд төсөв 11 их наяд байсан тухайд инфляцийн нөлөө бий. Хамгийн гол нөлөөлөл бол бууруулж болохгүй урсгал зардлаа нэмсэн. Жишээ нь ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэхэд 313 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Гэтэл 2020 оноос хойш цалин, тэтгэврийг хэд дахин нэмсэн билээ.
Тэр үед 1 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгодог байсан бол ирэх жил 1 сая 317 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Хүүхдийн мөнгө 1.6 их наяд орчмоор төсвийг тэлж байгаа.
Төсвийн тэлэлт бол мөчлөг дагасан буюу нүүрсний үнэ өсөхөөр урсгал зардлыг тэлээд байсныг хязгаарласан.
Танаж болдоггүй зардал гэж бий. Тулсан асуудал бол тэтгэврээ нэмэх шаардлага байна, багш нарын цалинг нэмэх шаардлага байна. Боловсрол, эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн зардал байна.
Монгол Улс 1 сая хүүхэдтэй байсан бол өнөөдөр 1.3 сая гаруй хүүхэдтэй болсон. Жилд 87 мянган хүүхэд төрж, дагаад сургууль, цэцэрлэгийн эрэлт нэмэгдэж байгаа. Монгол хүний насжилт уртассан. Дундаж наслалт нэмэгдэх хэрээр Нийгмийн даатгалын сангийн зардал нэмэгдэж байна.
Төрийн өмчит компаниудад шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна. Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Олон компанийг татан буулгасан, цалинг нь бууруулсан. Ганц жишээ хэлье.
“Эрдэнэс Тавантолгой” ХК дээр онцгой дэглэмж тогтоож ажилласнаас хойш зардлыг эрс бууруулсан, ашигт ажиллагаа гурав дахин нэмэгдсэн, борлуулалт гурав дахин нэмэгдсэн.
БЭТ 46 хоногт томилогдон ажилласан тайлантай танилцлаа. Гурван их наядын борлуулалт хийх байсныг дөрвөн их наяд төгрөг болгож, шахаж ажиллаж байна. Компани бүр дээр ажлын төлөвлөгөө гарган ажиллана.
Ажлын байр бий болгох тухайд, гангийн үйлдвэрийн тендер зарлахаар төлөвлөж байна.
Ган, зэс хоёроо үйлдвэрлэхэд Монгол Улсад 100 мянган ажлын байр бий болно. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажил.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Хятадын талын эрэлт бол 90 сая битгий хэл байгаа.
Нүүрсээ ачаад, үүрээд ч болов ирэх бол хэдийг л бол хэдийг авахад бэлэн байна гэдгээ хэлж байгаа.
Сүүлийн долоо, наймдугаар сард нүүрсний экспорт идэвхжиж, хамгийн өндөр хэмжээнд гарч байна, урд талын зах зээлийн шалтгаантай холбоотой.
Нүүрсний биет хэмжээ нэвтрүүлэх хүчин чадал, урд хөршийн хүлээн авах эрэлт хэрэгцээтэйгээ харьцуулах юм бол 90 сая тонн байтугайг экспортлох боломж бий. Ойрын хугацаанд 150 сая тонн, 200 сая тоннд ч хүргэх боломжтой. Хятад улсын нүүрсний жилийн хэрэгцээ манай гаргадаг эрчим хүчний нүүрсний жилийн хэрэгцээ дор хаяж таван тэрбум тонн. Таван тэрбумын эрчим хүчний нүүрсний хэрэгцээ байхад 100 сая тонныг нийлүүлэхгүй байна гэдэг маш бага хэмжээ. Тийм учраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа.
Үнийн тухайд энэ жилийн хамгийн бага үнээр буюу 70 ам.доллараар төсөвт тооцсон. Өнгөрсөн наймдугаар сард нүүрсний үнэ бага зэрэг өссөн.
Энэ жил 85 сая тонн нүүрс экспортлох зорилттой. Одоогийнхоор бол 83 сая тоннд хүргэх боломжтой харагдаж байгаа. Төрийн компанидаа маш хатуу даалгавар өгсөн. Ирэх жил 90 сая тонн нүүрс экспортлох зорилт бол энэ жилийн гүйцэтгэлээс 5 хувийн өсөлттэй зорилт. 90 сая бол хамгийн багадаа боомт бүрээр гаргавал боломж бий. “Чайна энержи”-тэй том гэрээ хийж чадсан. биржээс гадна урт хугацааны гэрээнүүд шахалттай байгаа тул төлөвлөгөөндөө хүрэх боломжтой.
Шивээхүрэн боомт дээр ирэх жилүдэд нүүрсний нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж байгаа. Ганцмод -Гашуунсухайтын төмөр замын тухайд хил холболтын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Хил холболтын төмөр зам хоёр жилийн дараа ашиглалтад орно. Одоо байгаа боомтууд дээрээ шинэ гарцыг нэмсэнээр нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой.
Г.ХОРОЛ
Нийтэлсэн огноо2025-09-03