Эдийн засгийн төрөлжилтийн индексээр Монгол Улс 145 орноос 139-д бичигджээ www.gogo.mn
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.09.15/ үдээс хойших хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, хамаарал туйлын эмзэг байгааг онцлоод гадаад худалдааны 70 гаруй, экспортын 90 гаруй хувь ганц улсаас хамааралтай, эрчим хүч 24, түлш шатахуун 100 хувь импортоос хараат, гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 160 хувьд хүрсэн, эдийн засгийн төрөлжилтийн индексээр Монгол Улс дэлхийн 145 орноос 139-д бичигдэж байна. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлаа эрс сайжруулж, эмзэг байдлаа бууруулахын тулд макро эдийн засаг тэр дундаа төсвийн бодлогын эрс шинэчлэлийг эхлүүлж байна гэв.
Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн орлого, зардал, өрийн хэмжээг бууруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, иргэн, хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн нэг төгрөг бүрийг өгөөжтэй зарцуулах, нийгмийн зөвшилцөл, иргэдийн оролцоог хангах суурь зарчмыг баримталсан. Эдгээр зарчмын хүрээнд бид “Хувийн хэвшлийг дэмжсэн, хүний хөгжилд чиглэсэн дунд хугацааны төсвийн бодлогыг” тодорхойлсон гэж байлаа.
Мөн макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн талаар танилцуулсан. Тухайлбал, Эдийн засгийн өсөлт: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой 6 хувиас дээш түвшинд хадгалах зорилтын хүрээнд 2027 онд 6.3, 2028 онд 6.5 хувь өсөхөөр тооцсон байлаа.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого: 2026 онд 31.6 их наяд, 2027 онд 33.7 их наяд, 2028 онд 37.3 их наяд төгрөг байхаар тооцсон. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсанаас 2026-2028 онуудад 1.8 их наяд төгрөгөөр тус тус бууруулан тооцлоо. Ингэснээр тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2026 онд 30.9, 2027 онд 29.3, 2028 онд 28.2 хувь байна. Энэ нь татварын ачааллыг хөнгөрүүлж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төсвийн нийт зарлага: 2026 онд 33.0 их наяд буюу ДНБ-ий 32.2 хувь, 2027 онд 34.6 их наяд буюу ДНБ-ий 30 хувь, 2028 онд 37.8 их наяд буюу ДНБ-ий 28.6 хувь байхаар төсөөллөө. Зарлагын ДНБ-д эзлэх хувийг үе шаттай бууруулснаар төсвийн сахилга батыг чангатгаж, мөнгөний бодлоготой уялдуулна. Үр дүнд нь төрийн оролцоо хумигдаж, хувийн хэвшлийн орон зай тэлж, инфляц саарч, зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэнэ хэмээн дурдсан байв.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: 2026 онд 1,380 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэх дүнгээр алдагдалтай баталж хэрэгжүүлэхээр, 2027-2028 онуудад тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 0.8 хувь, 0.4 хувь болгон тус тус бууруулахаар хуулийн төсөлд тусгасан гэж танилцуулгад дурджээ.
Мөн суурь зарлагыг төсвийн хүрээний мэдэгдэлд нийт зарлагаас эх үүсвэртэй зардлыг хасаж тооцсон дүн буюу нэгдсэн төсвийн суурь зарлагын хэмжээг 2026 онд 29.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 28.9 хувь, 2027 онд 31.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.3 хувь, 2028 онд 33.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 25.1 хувь байхаар тооцон тусгасныг Ерөнхий сайд онцлоод суурь зарлагын хэмжээг батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад 2026 онд 0.8 их наяд, 2027 онд 1.8 их наяд, 2028 онд 3.2 их наяд төгрөгөөр тус тус бууруулан тооцсон гэж байлаа.
Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулсан.
Уг дүгнэлтэд хуулийн төсөл нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны шаардлагыг хангасан, бүтэц агуулгын хувьд харьцангуй сайжирсныг дурджээ.
Мөн тэрбээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн эерэг, сөрөг болон цаашид сайжруулах, анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулав.
Эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өмнөх жилүүдийн хэт өөдрөг түвшнээс багасгаж 5.7 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, олон улсын байгууллагуудын таамаглалтай ойролцоо түвшинд харьцангуй бодитой таамагласан нь төсвийн бодлогыг макро эдийн засгийн нөхцөл байдлыг зөв харж төлөвлөх шаардлагатай нийцэж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу төсвийн орлого, зарлагыг бууруулсан төдийгүй 2018 онд төсвийн нийт зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний ) 29 хувьтай тэнцэж байсан бол 2024 онд 38.3 хувь болж даруй 9.3 нэгжээр өссөн төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, төсвийн хэт тэлэлтийг зогсооход чиглэсэн эхлэл болж байгаа нь эерэг хандлага гэдгийг онцлов.
Үүний зэрэгцээ төсвийн бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилтийн хувьд анхаарах зарим асуудлыг танилцуулсан. Тухайлбал, Нэгдүгээрт. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд төсвийн мөчлөг сөрсөн төсвийн бодлогын тухай ихээхэн дурдаж төсвийн зарлагыг тэлэх арга хэрэгсэл болгодог байдлаас татгалзаж, эдийн засгийн тэлэлттэй үед ч санадаг байж төсвийн ирээдүйн эрсдэлийг бууруулахад анхаарах нь хүнд нөхцөл байдалтай тулгарсаны дараа хариу үйлдэл хийхээс илүү оновчтой.
Хоёрдугаарт. Төсвийн зарлагыг бууруулж цар тахлын өмнөх түвшинд хүргэхийг зорьж байгаа нь сайн хэрэг боловч энэ нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тодорхойлсон хувь, хэмжээнд хүрэхгүй байна. Зөвлөлийн тодорхойлсноор төсвийн зарлага ДНБ-ний 27 хувьтай тэнцэж байх нь өсөлтөд хамгийн их эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Зарлагын оновчтой түвшингээс гадна төсвийн алдагдал макро эдийн засгийн үр нөлөөтэй эсэхэд анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд алдагдалгүй төсвийн талаарх үзэл баримтлал хэрэгжиж чадалгүй цаасан дээр үлдэж байгааг дурдахыг хүсэж байна.
Гуравдугаарт. Төсөв, макро эдийн засгийн эрсдэл дунд хугацаанд үргэлжлэхээр байна. 2020-2024 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2 хувь байсан бол нэрлэсэн ДНБ-ий өсөлт 17 хувь байжээ. Энэ нь цааш үргэлжилбэл гурван жилийн дотор буюу 2028 онд урсгал зардлын ДНБ-д эзлэх хувь 30 хувиас хэтрэх буюу төсвийн тусгай шаардлага зөрчигдөх нөхцөл үүсэхээр байна.
Засгийн газраас боловсруулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаx тухай хуулийн төсөлд тусгагдсан шинэчлэлийн төсөвт үзүүлэх шууд нөлөө Сангийн яамны тооцоолсноор -4.0 их наяд төгрөг орчим байгаа нь ДНБ-ий 3-4 хувь болох буюу мөн хэмжээний төсвийн алдагдал үүсгэн төсвийн тэнцлийн тусгай шаардлагууд 2027 оноос зөрчилдөхөөр байна. 2023 онд Монгол Улс анх удаа төлбөрийн болон төсвийн тэнцлийн хувьд ашигтай гарсан нь эдийн засгийн хувьд ихээхэн эерэг үзүүлэлт болж чадсан.
нэ нь удаан хадгалагдаж чадаагүй бөгөөд 2024 онд тэнцлийн хос алдагдалтай гарсан. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, төлбөрийн тэнцлийн мэдээллээс харахад төсөв, төлбөрийн тэнцэл нь 2025 онд алдагдалтай гарахаар байгаа бөгөөд 2026 онд ч энэ байдал давтагдах эрсдэлтэй байна. Ингэснээр төсөв, урсгал тэнцлийн хос алдагдлын мөчлөгт эдийн засгийг оруулж болзошгүй юм. Энэ нь төлбөрийн тэнцэл, валютын нөөцөд сөргөөр нөлөөлж эдийн засгийн дархлааг сулруулах үр дагавартай гэдгийг сануулж байна.
Дөрөвдүгээрт. Сүүлийн жил гаруйн хугацаанд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь агуулга бүтцийн хувьд сайжирч, Төсвийн Тогтвортой байдлын тухай хуулийн 12.3-т заасан агуулгыг хамрах байдал харьцангуй сайжирсан ч макро эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн бодлогын нөлөөллийн талаар хийсэн дүн шинжилгээ; макро эдийн засгийн төлөв байдал, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтийг тооцоход хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл; төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нэгдсэн төсвийн тэнцэл, улсын хөрөнгө оруулалт, төсвийн нийт орлого, зарлагыг багтаасан төсвийн гол үзүүлэлтүүд, тэдгээрийн төлөвлөгөөг гүйцэтгэл, үр дүнтэй нь харьцуулсан харьцуулалт зэрэг нь хангалтгүй байгаа тул энэ чиглэлээр хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байгааг дүгнэлтэд дурдсан байлаа.
Хуулийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Засгийн газраас Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлээгүй, батлагдаагүй байхад 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх нь зарчмын хувьд буруу жишиг болно.
Мөн хуулийн төсөлд макро дүгнэлт хийх, хөрөнгө оруулалтын эрэмбэ дарааллыг нухацтай ярилцах зэргээр дотооддоо ажлын хэсэг гарган ажиллах шаардлагатай байна” хэмээгээд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тус бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага хүслээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь АН-ын бүлэгт хоёр хоногийн завсарлага өгөв.
Эх сурвалж: УИХ
Нийтэлсэн огноо2025-09-16