Засгийн газар хоорондын төмөр замын хил холболтын хэлэлцээрийн цаана компани хоорондын гэрээг алдагдалтай байгуулжээ www.itoim.mn
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 16 жил гацаад байсан Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг хийж, түүхэн гавьяа байгуулж байсан нь саяхан. Тэгвэл Засгийн газар нь унаад хоёрхон сар болж байхад түүхэн гэрээний цаадах “но” ил болж байна. Хэдий 20 шахам жил гацсан төмөр замын хил холболтын ажлыг эхлүүлсэн нь сайшаалтай ч 16 жил нүүрсний үнээ хамгийн доод үнээр нийлүүлэх гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийжээ.
Монгол төрийн алдаатай бодлогоос үүдэж 20 шахам жил гацаад, ашиглалтад оруулж чадаагүй төмөр замын хил холболтыг хийхийн тулд БНХАУ-ын талын тавьсан “Гурвыг цогцоор” гэсэн шаардлагыг манай Засгийн газар хүлээн авч гэрээ байгуулсан. Үүний хүрээнд төмөр зам холбох, нүүрс олборлох, нийлүүлэх гэрээг хамтад нь хийсэн. "Гурвыг цогцоор" гэрээний төмөр замын хил холбох гэрээг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан бол нүүрс олборлох, тээвэрлэх, борлуулах гэрээг “Чайна Энержи” болон “Эрдэнэс Тавантолгой” компани хооронд байгуулсан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар компани хооронд байгуулсан гэрээндээ “но” оруулжээ.
Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа “Хил холболтын асуудал УИХ-аар шийдэгдсэн, УИХ-ын тогтоолтой асуудал. Гэхдээ чөтгөр детальд байдаг. Хил холбох нь зарчмын хувьд зөв. Хоёр улсын гэрээгээр шийдэгдэж байгаа асуудал. Харин аж ахуйн нэгж хоорондын гэрээ хэлэлцээрээр үнэ ханш тохирсон нь тусдаа асуудал. Аливаа зүйлийг ялгаж, салгаж харахгүй бол нийтэд нь харлуулдаг, эсвэл нийтэд нь цайруулдаг энэ асуудалд зохицохгүй. УИХ-аас өргөн барьсан тогтоол дээр олон улсын стандартын дагуу, олон улсын аудитаар хянагдаж явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
"Гурвыг цогцоор" гэрээний хүрээнд нүүрсний үнийг одоогийнхоос 40 хувиар доогуур буюу тонн тутмыг нь 50 ам.доллараар 16 жил нийлүүлэх гэрээ хийсэн мэдээлэл олон нийтэд ил болохтой зэрэгцээд тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан сайд нар мэдээлэл хийж, өөрсдийгөө хамгаалж байгаа. Гэхдээ тус гэрээг байгуулахдаа ҮАБЗ-д гурван удаа танилцуулж, намын бүлгүүд болон УИХ-аар хэлэлцүүлэхдээ нүүрсний үнийн талаар огт мэдээлэл өгөөгүй талаар УИХ-ын гишүүд ч хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар УИХ-аас гэрээ байгуулах эрхээ авснаас бус ямар дүнгээр 16 жилийн хугацаанд нүүрсээ борлуулах, ямар үнээр нийлүүлэх талаар мэдээлэлгүй 58-р тогтоолыг батлуулсанн гэсэн үг. Тийм ч учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар компани хооронд байгуулсан гэрээний цаана олон "но"-гоо нуужээ. БНХАУ-д хөнгөлөлттэй үнээр нүүрс экспортлох, Тавантолгойн Онч хараад, Бортолгой хоёр ордыг 16 жилээр "Чайна Энержи" компанид олборлуулах, БНХАУ-ын компаниудаар барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэх мэт үүргийг хүлээсэн. Ингэхдээ 16 жилийн хугацаанд 250 сая тонн нүүрс экспортлох бөгөөд үүний 55 хувь нь коксжих нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн байгаа юм. Үнийн тухайд одоогийн биржээр борлуулж байгаа үнээс 40 ам.доллароор хямдаар нийлүүлэх бөгөөд үүний уршгаар 16 жилийн хугацаанд Монгол Улс 10 сая ам.долларын алдагдал хүлээхээр байгаа аж. Хэдийгээр 16 жил гацсан төмөр замын хил холболтыг хийх нь улсын эдийн засагт чухал ч Засгийн газар хооронд байгуулсан гэрээний халхавчинд аж ахуй нэгж хооронд байгуулсан гэрээний "но"-гоо нуусан.
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээний асуудал олон нийтэд ил болж байгаа учраас УИХ-ын зарим гишүүд ажлын хэсэг байгуулж, "Гурвыг цогцоор" гэрээг шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Ажлын хэсэг байгуулж, дээрх гэрээг шалгах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Мэдээж хэрэг олон жил гацсан төмөр замын хил холболтыг гэрээгээ цуцлахгүй, харин энэ гэрээний ард Монгол Улсад ашиггүй ямар зүйл заалт багтсаныг нягтлах нь зүйн хэрэг.
Нийтэлсэн огноо2025-09-19