"Засгийн газар арбитрын шүүх дээр ялна гэдэг итгэлтэй байгаа" www.news.mn
Тэрбээр "Оюутолгой" ХХК-тай 2011 онд Монгол Улсын Засгийн газартай хувь нийлүүлэлтийн гэрээ байгуулсан. Үүний дараа 2018 онд тус гэрээнд өөрчлөлт оруулах боломж байсан ч өөрчлөлт оруулаагүй өнгөрөөсөн. Иймээс энэ жилд олдож байгаа боломжийг ашиглаж хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай асуудлыг эхлүүлсэн байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар өмнөх Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байсан. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн наймдугаар сард захирамж гаргаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. "Оюутолгой" компанитай холбоотой татварын маргаан Лондонгийн арбитрын шүүх дээр явагдаж байгаа асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар ахлан ажиллаж байгаа. Зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг бууруулахтай холбоотой асуудлыг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг хариуцаж байгаа.
Мөн "Онтра" компанитай холбоотой хил заагтай холбоотой асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дандиннямааар ахлуулсан ажлын хэсэг хариуцаж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас удаа дараа энэ асуудалд тодорхой чиглэл, шаардлага тавьж эрчимтэй ажиллахыг шаардсан.
Зөвхөн Засгийн газрын ажлын хэсгээс гадна "Оюутолгой" ХХК-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлдөг гурван Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ажилладаг. Тэд өндөр цалин авдаг, тасралгүй ажлаа хийх ёстой. Мөн "Эрдэнэс Оюутолгой" ХХК Монголын талыг хариуцаж үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагын удирдлагуудыг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, өнгөрсөн хугацаанд юу хийсэн тайлангаа тавь, цаашдын ажлаа эрчимжүүл гэж мэдэгдсэн. УИХ-аас мөн Оюутолгойн асуудалтай холбогдуулж Түр хороог байгуулсан. Түр хороог УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахлан ажиллаж байгаа. Засгийн газраас байгуулсан гурван сайдаар ахлуулсан ажлын хэсэг, "Оюутолгой" ХХК-ийн Монголын Засгийн газрыг төлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, "Эрдэнэс Монгол" ХХК ажлаа уялдуулж, хоорондоо мэдээллээ нэгтгэж, Монгол Улсын эрх ашгийн төлөө нэг тал болж ажиллах чиг үүрэг өгсөн. Тийм болохоор ажил эрчимтэй явагдана гэж харж байгаа.
Анх 2011 онд хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр байгуулагдаж байх үед Монголд ногдох өгөөж 57 хувьтай, "Рио тинто"-ийн талд ногдох өгөөж 43 хувьтай байна гэж ярьдаг байсан. Харамсалтай нь, тооцоо хийгээд үзэхээр "Рио Тинто" компани 75 хувийн өгөөж хүртэж, Монголын тал 25 хувийн өгөөж хүртэж байгаа дүн гарсан. Энийг анх гэрээ байгуулж байсан нөхцөл бололцоонд хүргэж, өгөөжийг хүртэх ёстой байгаа.
Хоёрдугаарт зээлийн хүүг бууруулах ёстой. Тухайн 2011 онд гэрээ байгуулсан үед зээлийн хүү өндөр тогтож байсан байж магадгүй. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, зээлжих зэрэглэл сайжирч, эдийн засаг тогтвортой байна. Үүнтэй холбоотойгоор зээлийн хүүг Монгол Улсын олон улс дээрээс босгож байгаа бондын хэмжээнд, нөгөө талаас "Рио Тинто"компани, "Онтра " компаниас зээлж байгаа хүүгийн хэмжээнд байлгах юм бол зээлийн хүүг бууруулах боломж байгаа. Нэг үгээр хоёр тал хугацаа үл хамааран гэрээ хэлэлцээрийг өөрчлөх боломжтой.
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компани Монголын хуульд захирагдаж, анх амлаж, үр өгөөжөө хүртээх тал дээр илүү үүрэг хүлээж санаачлагатай ажиллах ёстой.
Тэгэхгүйгээр гэрээгээ бид биелүүлсэн, гэрээгээ бид зөрчихгүй гэх шалтаг тайлбар тавихгүйгээр ажиллах ёстой. Тийм болохоор зээлийн хүүд өөрчлөлт орох ёстой.
Нөгөө талаас менежментийн төлбөр. Аливаа компани гүйцэтгэх удирдлагыг томилохдоо ашиг олох юм бол, үр дүнтэй ажиллах юм бол түүнээсээ урамшуулал ав гэж урамшуулдаг. Гэтэл энэ гэрээнд менежментийн төлбөрийн хэр их зардал гарна, тэр зардлаасаа урамшуулал авдаг 6 хувийн төлбөр авдаг юм хийсэн юм билээ. Энийг өөрчлөх ёстой. Үүнтэй холбоотойгоор Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн үгийг сонсож оролцоог хангадаггүй, мэдээлэл авч чаддаггүй, хэлсэн санал нь ажил болдоггүй асуудал бий. Энийг шийдэх ёстой. "Оюутолгой" компанид Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа гурван гишүүн Монголын эрх ашиг хангагдахгүй бол хориг тавьдаг байх засаглалыг сайжруулах ажлууд байгаа.
Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүх дээр ялна гэдэг итгэлтэй байгаа. Хэрэв ялж чадахгүй, "Рио Тинто" компанийн талд шийдвэр гарвал энэ байгууллага чинь 40, 50 жил үйл ажиллагаа явуулна гэж байгаа. Анх хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ 30 жилийн хугацаатай хийсэн. Одоо 16 дахь жил өнгөрч байна. Цаашид төлөх татвар дээрээс суутгах байдлаар Монгол Улсын эдийн засаг, төсөвт дарамт болохгүйгээр шийдэх боломжтой.
Нийтэлсэн огноо2025-10-08