ҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд холбогдох хэргийг мөрдөн байцаалт руу буцаав www.eguur.mn
Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.
Прокуророос Т.Дүүрэнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм.
Улмаар шүүх бүрэлдэхүүн Т.Дүүрэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж хэргийг мөрдөн байцаалт руу буцааж шийдвэрлэлээ. Шүүхээс "хэргийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхэд алдаа гарсан, өмгөөлөгч нарын саналд дурдагдсан зарим зүйлсийг хүлээн авч шийдвэрлэсэн" гэлээ.
Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн нь Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох, мөнгө угаах зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, нэр бүхий банканд байршуулсан 1.000.000 (тухайн өдрийн Монгол банкны ханшаар 2,844,577,032.72 төгрөг) ам.долларын гэрээг цуцалж үлэмж хэмжээний хохирол учруулж, үүнээс 1 тэрбум 975 сая төгрөгийг хамтран гүйцэтгэгч Б.Н нарт шилжүүлэн биткойн (Bitcoin) бүхий виртуал хөрөнгө болгон бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан гэх хэрэгт холбогдсон байдаг.
О.ОНОН
Нийтэлсэн огноо2025-11-03





