Kazinform: Монголоос дэлхийн тавцанд гарсан “Silk Way Star”-ын анхны ялагчийн замнал www.itoim.mn
Казахстаны олон улсын мэдээний агентлаг “Kazinform”-ын "Silk Way Star" шоуны ялагч Ж.Мишээлийн тухай онцолсон нийтлэлийг хүргэж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Астанад болсон Азийн анхны томоохон хэмжээний дууны тэмцээний финалд Монгол Улсаас оролцсон дуучин, ая зохиогч Мишель Жозеф тэргүүн байр эзэллээ. Тэрээр уламжлалт уртын дууны өнгө аясыг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулдаг уран бүтээлч бөгөөд онлайн санал хураалтад 508 мянга гаруй хүн түүнд саналаа өгсөн юм.
Шоу эхэлсэн цагаас л Мишель тайзнаа монгол уламжлал, орчин үеийн хөгжим хоёрыг төгс нийцүүлсэн гайхалтай үзүүлбэрүүдээрээ бусдаас онцгойрч байв. Түүний дуулалтын хэв маяг, тайзны дүрслэлд хүчтэй үндэсний хэв шинж илэрч, үзэгчдийн талархлыг хүртсэн юм.
Түүний жинхэнэ нэр нь Мишель Жозеф, монгол нэр нь Мишээл бөгөөд Монгол, Чех гаралтай. Монголд төрсөн бөгөөд аав нь Чех, ээж нь Монгол хүн юм.
Охиноо финалын үзүүлбэрээ дуусгасны дараа түүний ээж Б.Дагиймаа Казахстаны ард түмний халуун дотно хандлага, онцгой уур амьсгал, залуу уран бүтээлчдэд өгсөн боломжид талархал илэрхийлжээ.
Мишель Жозеф Монгол, Англи хэлээр дуулдаг бөгөөд үндэсний ая эгшгийг поп, R&B, фанк зэрэг орчин үеийн урсгалтай эвлэгхэн уран зохицуулдгаараа онцлог. Тэрээр төслийн үеэр Казахстаны ардын “Караторгай” дууллыг ч амилуулсан юм.
Мөн тэрээр казах хэл дээр уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд Казах ард түмний хэл, соёлтой ойрхон санагддаг учир Казахстаны сонсогчдод зориулсан дуу бүтээхээр төлөвлөжээ.
Тэрбээр түрүүлснийхээ дараа фэнүүддээ хандан:
“"Silkway Star" тэмцээн минь баярлалаа. Чиний гэрэл галактик галав ертөнцөөр тасралтгүй аялж, хаа хүрсэн газартаа хүмүүсийн мөрөөдлийг асааж байг. Казахстан, Монголын соёлын гэгээн найрамдалт харилцаа улам бэхжин, урлаг соёл, уламжлал, харилцан хүндэтгэлээр биднийг илүү ойртуулж гэрэлтүүлэх байх болтугай" хэмээн сошиал хуудсандаа бичжээ.
Түүний урлагийн замнал
Мишель хэд хэдэн үзэгчдийн танил болсон телевизийн төсөлд оролцож байсан. Үүнд:
“My Voice” (2016) – Гуравдугаар байр
“Your Sounds Familiar” – Шилдэг оролцогчийн шагнал
“That’s My Jam” – Зочноор дуулсан
Тэрээр сошиал медиад идэвхтэй бөгөөд Instagram-д 152 мянган дагагч, YouTube сувагт нь 20.7 мянган subscriber-тай аж. Qazinform-ийн мэдээлснээр “Silk Way Star”-ын финалыг 120 сая хүн үзсэн байна.
Мишель Jibek Joly TV-д өгсөн ярилцлагадаа Монгол, Казахстаны үзэгчдээс авсан дэмжлэг нь өөрийг нь гүнээ догдлуулсныг онцолжээ.
Тэрээр “Над руу Монголчууд маань халуун дотноор баяр хүргэж байна. “Кара Торгай” дууг дуулснаас хойш казах үзэгчид онцгой хайр хүндэтгэл илэрхийлсэн. Надад санал өгч, дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Дэлхийд алдартай дуучин Димаш Кудайбергенээс шагнал авах нь миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг байлаа” гэжээ.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-11-27





