"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ www.eguur.mn
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 сая тонн нүүрс ачсан байна. Энэ онд нүүрсний зах зээл уналттай, борлуулалт, экспортын хэмжээ буурсан учир “Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, борлуулалтыг идэвхжүүлэх, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд өнгөрсөн сард энэ оны хамгийн өндөр борлуулалтыг хийж, компанийн түүхэн дэх хамгийн өндөр ачилт хийжээ.
Мөн биржийн арилжааг идэвхжүүлж өнгөрсөн сард 28 удаагийн арилжаа хийж 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.47 сая тонн нүүрс борлуулсан байна. Борлуулсан нүүрсний 67 хувийг 1/3 коксжих нүүрс, 26 хувийг эрчим хүчний нүүрс, долоон хувийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байгаа аж.
Тэрчлэн компани нүүрсийг сорчлон борлуулахгүй байх бодлого баримталж 2025 оны долоодугаар сараас хойш хатуу коксжих нүүрс борлуулаагүй бөгөөд хагас коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд уурхайн сарын ачилтын түүхэн амжилтыг 2025 оны 11 дүгээр сард 3.39 сая тонн болгож өмнөх үзүүлэлтээс 8.3 хувиар өсгөжээ. Уурхай ачилтыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор тухайн сард нэмүү өртөг шингэсэн хил нөхцөлөөр биржээр арилжаалсан 1.29 сая тонн нүүрс экспортолсон нь биржийн арилжаа эхэлсэн 2023 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа аж.
Б.АЗЖАРГАЛ
Нийтэлсэн огноо2025-12-01





