"БНХАУ-ын нэг компанитай шатахууны гэрээ байгуулсан" www.news.mn
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр /2026.01.08/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Улаанбаатар төмөр зам дээр 803 вагон шатахуун байна, улсын хэмжээнд нөөц хэвийн түвшинд хадгалагдаж байна.
2026 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замд нийт 803 вагон шатахуун байгаа. Үүнээс АИ-92 автобензин 284 вагон буюу 17 мянга 40 тонн, дизель түлш 449 вагон буюу 26 мянга 940 тонн, ТС-1 онгоцны түлш 27 вагон буюу 1 мянга 620 тонн, мөн 43 вагон шингэрүүлсэн шатдаг хий тус тус байна.
Шатахуун буух өртөөнүүдээр авч үзвэл, Толгойт өртөөнд АИ-92 автобензин 100 вагон, дизель түлш 180 вагон, ТС-1 онгоцны түлш 26 вагон, шингэрүүлсэн шатдаг хий 32 вагон байна. Харин Рашаант өртөөнд АИ-92 автобензин 12 вагон, шингэрүүлсэн шатдаг хий хоёр вагон байна. Улаанбаатар өртөөнд АИ-92 автобензин таван вагон, дизель түлш 20 вагон, Дархан өртөөнд АИ-92 автобензин 14 вагон буужээ. Мөн Эрдэнэт өртөөнд АИ-92 автобензин хоёр, дизель түлш гурван вагон, Сайншанд өртөөнд АИ-92 автобензин тав, дизель түлш дөрвөн вагон, Чойр өртөөнд АИ-92 автобензин тав, дизель түлш 32 вагон тус тус байгаа юм.
Үүнээс гадна буух өртөөнүүдийг чиглэн замд АИ-92 автобензин 141 вагон, дизель түлш 210 вагон, ТС-1 онгоцны түлш нэг вагон, шингэрүүлсэн шатдаг хий есөн вагон тээвэрлэгдэж явна.
Энэ оны нэгдүгээр сард нийт 136 мянга 470 тонн АИ-92, АИ-95 бензинийг ОХУ болон БНХАУ-аас импортлохоор баталгаажуулсан. ОХУ-ын есөн компани, БНХАУ-ын нэг компанитай гэрээ байгуулсан. Үүнээс 136 мянга 470 тонн АИ-92 евро-5 стандартын бензин, мөн 148 мянга 90 тонн энгийн түлш авахаар гэрээгээр баталгаажуулсан” гэдгийг онцоллоо.
Одоогийн байдлаар 35 мянган тонн АИ-92 бензин, 39 мянга 896 тонн дизель түлш хилээр орж ирсэн бөгөөд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт шатахууны нийлүүлэлт, хангамж хэвийн түвшинд хүрсэн байна. Монгол Улс хэрэглэгч улс учраас гэрээ хэлэлцээг дээд түвшинд хийж, харилцан ойлголцолд хүрсний үр дүнд экспорт, импортын урсгал тогтвортой үргэлжилж байгааг дэд сайд онцолсон юм.
Түүний хэлснээр, өнөөдрийн байдлаар бензиний ердийн хэрэглээний 15 хоногийн, дизель түлшний 20 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд бүх аймагт шатахуун хүргэгдсэн байна. Харин ганц, хоёр суманд үүсээд байгаа хүндрэлүүдийг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллаж байгаа аж.
Нийтэлсэн огноо2026-01-08





