Канадын Air Transat компани Торонто-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ www.montsame.mn
Канадын Air Transat компаниас Торонто-Улаанбаатарын чиглэлд ирэх зургаадугаар сараас эхлэн долоо хоногт хоёр удаа шууд нислэг хийхээр болжээ.
Энэхүү агаарын шинэ зам нь Канад дахь монгол иргэдийг зорчих боломжоор хангах, Канадын жуулчид болон бизнесийн төлөөлөгчдийн Монгол Улсад ирэх урсгалыг нэмэгдүүлэх, хоёр улсын харилцааг агаарын тээврээр дамжуулан бэхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг Travelandtourworld.com цахим сайтад мэдээлсэн байна. Мөн Торонто-Улаанбаатар чиглэлд шууд нислэг нэвтэрснээр Европ болон Ойрхи Дорнодод дамжин нисдэг хуучны маршрутыг орлож, аяллын хугацаа мэдэгдэхүйц багасах юм. Энэ нь Монголын аялал жуулчлал болон гадаадын хөрөнгө оруулалтын урсгалд эерэг нөлөө үзүүлэх давуу талтай.
Мөн Монголын баялаг соёл, өргөн уудам нутгийг судлахыг эрэлхийлж буй жуулчид, бизнесийн аялагчдад аяллын хялбар сонголтыг олгосноор Канад-Монголын харилцааг сайжруулах чухал алхам бөгөөд 2026 онд Монголын агаарын тээврийн салбарт нэгэн онцлох үйл явдал болж үлдэх ажээ.
Эх сурвалж: Travelandtourworld.com
Нийтэлсэн огноо2026-01-07





