Монгол Улсын гадаад паспорт хүчирхэг байдлаараа 73-т жагсжээ www.news.mn
Дэлхийн улс орнуудын гадаад паспортын хүчийг тухайн улсын иргэд хэдэн оронд визгүй зорчих боломжтойгоор үнэлдэг бөгөөд энэ үзүүлэлт визийн бодлогын нээлттэй байдалд шууд хамааралтай байна. Визгүй зорчих, цахимаар виз авах, эсвэл хил дээр виз авах зэрэг нөхцөлүүд нь тус бүр оноо авч, харьцуулахад ашиглагддаг бол Элчин сайдын яаманд материал бүрдүүлж виз мэдүүлэх шаардлагатай улс орнуудын хувьд оноо хасагддаг. Энэ аргачлал нь тухайн улсын иргэд дэлхийд зорчих боломжийг хэмжихээс гадна, гадаад харилцааны хувьд бусад улс орнуудын иргэдэд хэр нээлттэй байгааг тодорхойлох чухал үзүүлэлт болдог байна.
Олон улсын “Henley & Partners” компанийн гаргасан 2026 оны Henley Passport Index-ийн дүнгээр Монгол Улсын гадаад паспорт дэлхийн 197 орноос 73 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Тус индексийн мэдээллээр Монголын иргэд нийт 64 улсад визгүй болон визийн хялбаршуулсан нөхцөлөөр зорчих боломжтой байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад тодорхой ахиц гарсныг илтгэж байна.
“Henley Passport Index” нь 2006 оноос хойш жил бүр гарч буй судалгаа бөгөөд дэлхийн 197 орны иргэдийн 227 чиглэлд визгүй зорчих боломжийг үндэслэн боловсруулдгаараа онцлог. Судалгаанд Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны албан ёсны мэдээллийг ашигладаг бөгөөд дэлхийн паспортын хүчийг харьцуулан үнэлдэг хамгийн найдвартай индексүүдийн нэгт тооцогддог.
2026 оны жагсаалтыг Сингапур улс хоёр дахь жилдээ тэргүүлж, тус улсын иргэд 193 оронд визгүй зорчих эрхтэй болсон бол Япон болон Өмнөд Солонгосын иргэд тус бүр 188 оронд визгүй зорчих боломжтойгоор удаалжээ.
Энэ нь визийн бодлогын нээлттэй байдал, гадаад харилцааны идэвхтэй дипломат ажиллагаа улс орны иргэдийн зорчих эрх чөлөөнд ямар чухал нөлөөтэйг тод харуулж байна.
Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагийн мэдээлснээр “Одоогийн байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд 30 улсад визгүй зорчих боломжтой бол дипломат паспорт эзэмшигч иргэд 68 улсад визгүй зорчиж байна. Визгүй зорчих нөхцөл нь хоёр улсын харилцан хэлэлцээрийн үр дүнд бий болдог бөгөөд талууд зарчмын тохиролцоонд хүрсний дараа Засгийн газрын түвшинд хэлэлцэн баталгаажуулж, улмаар албан ёсоор хэрэгжиж эхэлдэг байна. Сүүлийн үед бодит үр дүнд хүрсэн онцлох хэлэлцээрийн нэг нь Колумб улстай байгуулсан визгүй зорчих хэлэлцээр юм. Уг хэлэлцээр 2026 оны нэгдүгээр сарын 26-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэд Колумб улсад визгүй зорчих боломж бүрдээд байна. Энэ нь Латин Америкийн бүс нутагт Монголын иргэдийн зорчих боломжийг тэлсэн чухал алхамд тооцогдож байна” гэдгийг хэлсэн.
Нийтэлсэн огноо2026-01-29





