Ерөнхий боловсролын сургуулийн 500 багш хиймэл оюунд суралцаж эхэллээ www.gogo.mn
“AI Academy Asia”-с санаачлан хэрэгжүүлдэг “Үндэсний Хиймэл Оюуны Аян” нь 2025 оноос 2030 он хүртэл 5 жилийн хугацаанд нийт 2,500 хиймэл оюуны хүний нөөцийг бэлтгэх, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулах хөтөлбөр юм.
Хиймэл оюуны мэдлэг чадвар эзэмшсэн багш нараар дамжуулан жил бүр 10 мянган хүүхэд, сурагчдад хиймэл оюуны мэдлэгийг түгээнэ.
2025 онд аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 450 багш, 50 инженерийг хиймэл оюуны мэдлэг, хэрэглээнд чадавхжуулжээ.
Энэ жил Олон улсын цахилгаан холбооны байгууллагын AI Skills Coalition-ны хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 500 багшийг хамруулж эхэллээ.
Хоёрдугаар сарын 28-ний өдөр “Хиймэл оюуны 500 багш бэлтгэх хөтөлбөр”-ийн нээлт цахимаар болов.
Шалгарсан 500 багш гурван сарын хугацаанд хиймэл оюуны сургалтад хамрагдаж, сурснаа сум орон нутгийн сурагчдад заах юм. Энэ жил сонгон шалгаруулалтад 3998 багш материалаа илгээжээ.
Нээлтийн үеэр багш нар анхны хичээлээ Бостоны их сургуулийн доктор, Стэнфордын их сургуулийн постдоктор Б.Ундрал багшаар заалгалаа.
Өнгөрсөн онд хөтөлбөрт хамрагдсан 500 багш сургууль, сум, орон нутагтаа 10,000, сурагчдад хиймэл оюуны хичээл зааж, бодит үр дүнд хүрсэн байна.
“Үндэсний хиймэл оюуны аян”-ы гол зорилго нь багш, сурагчдын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, зөв, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхийн зэрэгцээ AI хэрэгслийг хичээл заах, үнэлгээ хийх, агуулга боловсруулахад үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэн, сурагчдыг технологид суурилсан эдийн засагт амжилттай оролцох ирээдүйн ур чадварт бэлтгэх юм.
Нээлтэд Голомт банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Беате Дастел, хөтөлбөрийг санаачлагч, AI Academy Asia гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ, Боловсролын яамны Цахим боловсрол статистик мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ оролцлоо.
Нийтэлсэн огноо2026-03-02





