Хэргийн мөрөөр: Д.Амарбаясгалан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" зүйл ангиа хасуулж, ЭЦА, АТГ-т 4 хэргээр шалгуулж байна www.eguur.mn
Eguurnews мэдээллийн агентлаг олны анхаарлыг татаж буй хэргүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэдэг "Хэргийн мөрөөр" агуулгаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн холбогдон шалгагдаж буй хэргүүдийн мэдээллийг хүргэж байна.
Өмнөх агуулгаар бид "Херо энтертайнмент" ХХК-ийн захирал Б.Баатарын хамран шалгагдаж буй хэргүүдийг багцлан хүргэсэн юм.
Агуулгын хураангуй:
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан "Бортээг"-ийн асуудалд хөшигний ард оролцсон гэх яриа түүнийг эрх мэдэлтэй, МАН-д ч асар нөлөөтэй байх үеэс эхэлсэн. Харин МАН-ын шинэ дарга тодрох үеэр түүний зөвлөх Л.Чулуунзагдыг цагдан хорьж, "Адмирал" ХХК-тай холбогдох шууд холбоо хамаарал руу нь цөмөрсөн юм.
АТГ: Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2, 22.10.2-р зүйл ангиар,
ЭЦА: Эрүүгийн хуулийн 18.6, 18.3 -р зүйл ангиар шалгагдаж байна.
Үүн дээр "Админерал" ХХК-ийн удирдлагын төвшинд ажилладаг БНХАУ-ын иргэн монголд нас барсан гэсэн гомдлоор шалгагдсан гэх мэдээлэл явсан. Энэ мэт шалгагдаж буй зүйл ангиудын талаарх нэгдсэн мэдээлэлд АТГ, ЭЦА, Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч ч тэр хязгаартай хүрээнд тодруулга өгч байна.
Нэгтгээд харвал, АТГ дээрх гурван Эрүүгийн хуулийн албан тушаалын зүйлчлэлээс гадна ЭЦА дээр татварын асуудлаар хэрэгт холбогдуулан шалгагдсан нь тодорхой байна.
Агуулгын дэлгэрэнгүй:
АТГ дээрх гурван хэргийнхээ нэгийг хаалгажээ
Д.Амарбаясгаланг АТГ-аас 12 жил хүртэлх хугацаагаар хоригдох, бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг нь түдгэлзүүлэх зүйлчлэлтэй гурван зүйл ангиар оны өмнө шалгаж эхэлсэн. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2, 22.10.2-р зүйл ангиар шалгаж, хоёр удаа тайлбар мэдүүлэг авсан байна.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу найм хүртэлх жилийн хорих ялтай Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангийг нь прокуророос хүчингүй болгожээ. Тус зүйл ангийг хүчингүй болгосон шийдвэрийг хоёр хоногийн өмнө |2026.03.09|-нд танилцуулсан байна.
Ингэснээр Д.Амарбаясгаланг Эрүүгийн 22.1.3, 22.4.2-р зүйл ангиар АТГ-аас мөрдөн шалгаж байна.
Холбогдох хэргийн хуулийн заалт, зүйлчлэлийн хувьд,
ЭХ-ийн 22.1.3: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах - нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай
ЭХ-ийн 22.4.2: Нийтийн албан тушаалтан хахууль авах - нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.
Д.Амарбаясгаланд холбогдох хэргийг ерөнхий агуулгаар нь харвал,
"Бортээг"-"Адмирал"-Д.Амарбаясгалан: ЭХ-ийн 22.1.3
“Админерал” гэж компанийн тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд ороод гурван жил өнгөрч байна. Тавантолгойн бүлэг ордын Бортээгт энэ компани нүүрс баяжуулах үйлдвэр барьсан.
Түншлэлд багтсан “Админерал” компани үйлдвэрийг хариуцсан бол бусад нь хөрс хуулах, нүүрс олборлох зэрэг үүрэг хүлээсэн. Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тус түншлэлийн гэрээг цуцлах чиглэлийг оны өмнө өгсөн байдаг.
“Админерал”-ын үүсгэн байгуулагч Ц.Лхамжав нь МАН-д удирдах алба хашдаг Ц.Чулуунзагдын ах гэдгийг хэвлэлүүд цөөнгүй хөндөж бичсэн. Харин УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нь Ц.Чулуунзагдтай ойр хамтран ажиллаж ирсэн. “Админерал”-ын төсөл дээр ч эрх ашгаа нэгтгэсэн гэж бичигддэг.
Энэ түншлэлийг тендерт шалгаруулахын тулд гурван удаа сонгон шалгаруулалт зарласан. 715.9 тэрбумын өртөгтэй энэ тендерийг:
2021.03.19-нд зарлаад “Холбогдох эрх бүхий газраас болиулсан” гэх үндэслэлээр хаасан
2021.07.09-нд дахин зарлаад, хоёр компани, нэг түншлэл оролцоход аль нь ч шаардлага хангаагүй гээд цуцалсан. Үүнд МТАС-ийн “Монголиан контракт майнинг сервис”, “Спейшл майнинг сервис” хоёр нь “Өсөх зоос”-той нэг түншлэл болж оролцсон байсан
2021.09.16-нд гурав дахь удаа зарлахын өмнө үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчилсөн. Шинэ үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн дөрвөн өөрчлөлт оруулсан. Жишээ нь хуурай ба нойтон хосолсон баяжуулах үйлдвэрийн шаардлагыг зөвхөн хуурай технологитой болгон шинэчилсэн байгаа юм. Мөн нүүрс борлуулах ханшид ч тодорхой өөрчлөлт оруулсан байдаг. Улмаар ганцхан МТАС түншлэл материал явуулж, түүнийг шалгаруулсан юм.
Нүүрсний сонсголын үеэр эдгээр мэдээлэл яригдсан бөгөөд хянаж үзэхэд МТАС түншлэлийн “Таван хур” санхүүгийн шаардлага хангахгүй байсан нь тодорхой болсон.
Улмаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Бортээгийг "Админерал"-д өгсөн" хэргийг үйл баримттай нь АТГ-т өгнө хэмээсэн. Угтаа яг дээрх асуудлаар |2025 оны 11 сар|-аас эхлэн ЭХ-ийн 22.1.3 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангид холбогдон шалгагдаж байна.
Харин Нийтийн албан тушаалтан хахууль авах гэх ЭХ-ийн 22.4.1-р зүйл ангид ямар үндэслэлээр холбогдож буй нь одоогоор тодорхойгүй. Холбогдох хуулийнхнаас тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагааны нууц" гэв.
ЭЦА-аас Д.Амарбаясгаланг 12 жил хүртэлх хорих ялтай хоёр зүйл ангиар шалгаж байна
ЭХ-ийн 18.3: Татвар төлөхөөс зайлсхийх
Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
ЭХ-ийн 18.6: Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;
2.2.байнга тогтвортой үйлдэж;
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Улстөр талаасаа Д.Амарбаясгалан суудлаасаа буусан 135 хоногт юу өрнөв
Д.Амарбаясгалан |2025.10.27|-нд Энэ миний хувьд төгсгөл биш, шинэ эхлэл байх болно хэмээсээр суудлаасаа буусан. Өдгөө 135 хоног өнгөрч буй.
Суудлаасаа буухын урьд Бага хурлын гишүүдийн шийдвэрээр сар орчмын хугацаанд МАН-ын "албан бус" дарга байв. Гэвч өөрөө суудлаасаа буусан энэ өдрөө Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах санал хураалтыг парламентаар хийсэн нь ҮХЦ дээр Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гарснаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатайгаа "хөтлөлцөн" гарснаар сураг алдарсан.
Улмаар |2025.11.15| МАН-ын даргаар Н.Учрал томилогдож, дүрэмтэй нь хамт УДШ бүртгэсэн.
Д.Амарбаясгалантай гар нийлэн ажиллаж байсан Х.Булгантуяа, Э.Болормаа, П.Сайнзориг нарыг яллагдагчаар татагдаж, хилийн хориг тавив.
Ерөнхийлөгч Бага хурлын хоёрдугаар хуралдааны өмнө "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хууль санаачлав.
МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан, ЭХ-ний сайд асан Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргаж, ХЕХ-доо шилжүүлснээ зарлаж, заал дүүрэн гишүүдээрээ алга ташуулав. Үүнд Д.Амарбаясгалан Ялагдал ч, ялалт ч үүрдийнх байдаггүйг сануулсан хэн бүхэнд талархлаа гэх хариу барив. Мөн намынхаа гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр татгалзах талаарх мэдээллүүд хөвөрсөн ч албан ёсоор өргөдөл нь ирээгүй билээ.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2026-03-11





