Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхээр хэлэлцжээ www.gogo.mn
Монгол, Британийн Дугуй ширээний 16 дугаар уулзалт өнөөдөр /2026.03.23/-ны болов. Уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Сийма Малхотра нар тэргүүлж, холбогдох бусад яамны төлөөлөл оролцжээ.
Уулзалтаар талууд Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаа талуудын хүчин чармайлтын дүнд идэвхтэй өрнөж байгааг онцлов.
Мөн улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглах, ялангуяа соёл, боловсрол, иргэд хоорондын солилцоо зэрэг хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Дугуй ширээний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж буй бусад асуудлаар санал солилцсон байна.
Монгол Улсад ирэх наймдугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) амжилттай зохион байгуулахад үргэлжлүүлэн хамтран ажиллахаа мөн илэрхийлжээ.
Талууд Монгол, Британийн улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулахын төлөө байгаагаа нотолж, бүс нутаг, олон улсын харилцааны зарим асуудлыг ч мөн хэлэлцжээ.
Эх сурвалж: ГХЯ
Нийтэлсэн огноо2026-03-23





