Рио Тинто: Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл нэмэгдсэн нь төмрийн хүдрийн тасалдлыг нөхлөө www.itoim.mn
Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани Рио Тинто энэ оны эхний улиралд олборлолт сайжирсан тухай мэдээллээ. Монгол дахь Оюу толгойн зэсийн уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэн нь цаг агаарын улмаас үүссэн төмрийн хүдрийн саатал болон геополитикийн эрсдэлийг тодорхой хэмжээнд нөхсөн байна.
Зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсөж, 229 мянган тоннд хүрчээ. Энэ өсөлт нь Оюу толгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, боловсруулах хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотой юм. BMO банкны шинжээч Александр Пирсийн үзэж буйгаар, энэхүү үзүүлэлт нь таамгаас 9 хувиар давсан бөгөөд Онтре Ресурс компанийн лицензийн тодорхойгүй байдал байсаар байгаа ч уурхайн үйл ажиллагаа тогтвортой өргөжиж байгааг харуулж байгаа аж.
Лицензийн асуудал нь Шивээ Толгой, Жавхлант ордын ашиглалтын лицензийг Онтре Ресурс компаниас Оюу толгой ХХК-д шилжүүлэх явц удааширсантай холбоотой. Оюу толгой ХХК-ийн дийлэнх хувийг Рио Тинто эзэмшдэг. Энэ саатал 2025 оны эхнээс гүний уурхайн зарим хэсгийн бүтээн байгуулалтыг удаашруулж, уурхайн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахад хүргэсэн бөгөөд цаашдын зэсийн олборлолтын өсөлт тодорхойгүй болоход нөлөөлж байна.
Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт “Оюу толгойн уурхай төлөвлөгөөний дагуу өргөжин тэлж байна” хэмээн мэдэгдэж, ойрын жилүүдийн өсөлтийн гол эх үүсвэр хэвээр байгааг онцолжээ.
Энэхүү лицензийн маргаан нь Монгол Улс төслийн нөхцөлийг сайжруулах, ялангуяа ногдол ашгийг эрт авах, мөн 18 тэрбум ам.долларын төслөөс авах өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж буйтай давхцаж байна. Монголын Засгийн газар тус төсөлд 34 хувийн эзэмшилтэй бөгөөд хэлэлцээ үргэлжилж байгаа нь компанийн хамгийн чухал өсөлтийн төслүүдийн нэг дээр тодорхойгүй байдал үүсгэж байна. Рио Тинто ойрын жилүүдэд жилд 500 мянган тонн зэс олборлох зорилт тавьжээ.
Рио Тинто зэс зэрэг цахилгаанжуулалттай холбоотой металлуудад илүү төвлөрөх стратеги баримталж байгаа бөгөөд Чилийн Эскондида зэрэг томоохон ордуудын хүдрийн агуулга буурч байгааг нөхөх зорилго тавин ажиллаж байна. Үүний үр дүнд компани жилийн зэсийн олборлолтын төлөвөө (800–870 мянган тонн) өөрчлөлгүй хэвээр хадгалж, Оюу толгойн өсөлтөд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Төмрийн хүдрийн салбарын хувьд холимог үзүүлэлттэй байв. Австралийн Пилбара бүсэд олборлолт 13 хувиар өсөж 78.8 сая тоннд хүрсэн ч хар салхины улмаас тээвэрлэлтийн саатал үүсэж, борлуулалт 72.4 сая тонн болж, шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Гэсэн ч жилийн тээвэрлэлтийн төлөвийг 323–338 сая тонн хэвээр үлдээжээ.
Гвиней улсын Симандоу төслийн олборлолт хүлээлтээс доогуур байсан ч Симфер уурхай анхны олборлолтоо эхлүүлж, энэ сард Хятад руу эхний нийлүүлэлтээ хийсэн байна.
Хөнгөн цагааны үйлдвэрлэл 1 хувиар өссөн бол бокситын олборлолт 11 хувиар буурчээ.
Ойрх Дорнодын нөхцөл байдал
Рио Тинто Ойрх Дорнод дахь зөрчил оны хоёрдугаар хагаст хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгааг анхааруулж, дизель болон онгоцны түлшний хомсдол үйл ажиллагаа, тээвэр логистикт эрсдэл үүсгэж болзошгүй талаар мэдэгдсэн.
Тус компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт “Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж хэлээд, шаардлагатай үед хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөө бэлэн байгаа гэв.
Рио Тинто жилд ойролцоогоор 1.6 тэрбум литр дизель түлш хэрэглэдэг бөгөөд түлшний үнэ өсөх нь зардлыг нэмэгдүүлж эхэлжээ. Шинжээчид түлшний нийлүүлэлтийг гол эрсдэл гэж үзэж байгаа ч одоогоор тээвэрлэлтийн томоохон саатал гараагүй байна.
Мөн компани бор, титан зэрэг зарим хөрөнгөө худалдах замаар ойролцоогоор 10 тэрбум ам.доллар босгож, өрийн дарамтыг бууруулах төлөвлөгөөтэй байна. Гадаад орчны дарамт нэмэгдэж байгаа ч Рио Тинто 2026 оны төлөвлөгөөнүүдээ хэвээр хадгалсан. Үүнд:
Төмрийн хүдрийн тээвэрлэлт: 343–366 сая тонн
Хөнгөн цагаан: 3.25–3.45 сая тонн
Лити: 61–64 мянган тонн
Тус компани тавдугаар сарын 6-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: https://www.mining.com/rio-tinto-copper-surge-offsets-iron-ore-disruption/
Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-22





