Б.Даваадалай: 1072 хувьцааны ногдол ашгаа өвлүүлж үлдээх боломжтой боллоо www.itoim.mn
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайгаас тодрууллаа. Эрдэнэс Тавантолгой ХК-д хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэдийн хувьцааг үр хүүхдүүдэд нь өвлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна. Мөн өмнөх жилүүдийн ногдол ашгийг тооцож үр хүүхдүүдэд нь олгох эрхзүйн боломж бүрдэж байгаа юм.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай: Иргэд хувьцаа буюу өмчөө өвлүүлэх эрхээ эдэлье гэх санал их гарсан. Энэ талаар Засгийн газарт 3-4 удаа танилцуулсан. Өнөөдөр Засгийн газрын хурлаар хувьцаагаа өвлүүлэх нь зөв бөгөөд эрхийг нь эдлүүлэх нь зөв гэсэн шийдвэр гарч байх шиг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хуралдааны мэдээллээр Хэрэг эрхлэх газраас зарлах байх.
Нийт 130 мянга гаруй хүн сүүлийн 10 жилийн хугацаанд нас барсан байна. Үр хүүхэд, хамаатан садан нь тохиролцоод хэн нь өвлүүлж авахаа шийдээд нотариат дээр очоод үнэт цаасны дансандаа бүртгүүлээд өмнөх жилүүдэд олгогдсон ногдол ашгаа нөхөж авах боломж бүрдэх юм. Хамгийн гол нь өвлүүлж үлдээх боломжтой боллоо гэсэн үг. Энэ процесс зургадугаар сарын 1-нээс эхэлнэ. Бидэнд бэлтгэл ажлууд шаардлагатай байгаа. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" компаниас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд явах байх.
Дөрөвдүгээр сарын 30-ны дотор 1072 хувьцааны ногдол ашгаа хуваарилах хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр өнөөдөр, маргаашдаа энэ асуудал шийдэгдээд явах байх. Гол нь хэзээ хуваарилах вэ гэх асуудал Засгийн газар гэхээс илүү компанийн асуудал байдаг.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-29





