Б.Дэлгэрсайхан: Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно www.itoim.mn
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, Улаанбаатар хотын Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий хүртэлх трассын дагуу ажиллаж, төслийн хэрэгжилтийн явц, гол байгууламжуудын гүйцэтгэлийг шалгасан юм.
“Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж буй уг төсөл 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох, тээвэр ложистикийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт юм. Түүнчлэн нийслэлийн төвөөр дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгалыг хотын гадна чиглэлд шилжүүлэх, аюултай ачааг хүн амын нягтаршил ихтэй бүсээс гаргах, авто замын түгжрэлийг бууруулах, Хөшигийн хөндийд байгуулагдах ложистикийн зангилааг төмөр замын сүлжээнд холбох зэрэг олон талын үр өгөөжийг бий болгохоор төлөвлөжээ.
Маршрутын хувьд уг салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салбарлан, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур дайран өнгөрч, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд хүрээд цааш “Эмээлт” өртөөтэй холбогдохоор төлөвлөгдсөн байна. Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.2 км төмөр зам, түүнээс “Эмээлт” өртөө хүртэл үргэлжлэх холболтын хэсгийн бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцлаа. Одоогийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 84–90 хувьтай байгаа бөгөөд доод бүтцийн ажил болох далан, ухмалын гүйцэтгэл 98 хувьд хүрсэн талаар холбогдох албаныхан мэдээлсэн юм. Төслийн хүрээнд нийт 102 км урт дан төмөр зам, хоёр өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км орчим урт гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд одоогоор дотоодын 30 гаруй аж ахуйн нэгж 24 цагийн горимоор ажиллаж байгаа аж.
Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор станцуудын нүүрсний тээврийг Улаанбаатар хотын баруун талаар оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл, нүүрс хотын төвөөр дамжин тээвэрлэгдэхгүй.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Бид одоо Эмээлт дээр ирсэн байна. Энд ирсэн гол шалтгаан бол төмөр замыг яг яаж холбох вэ гэдгээ Улаанбаатар төмөр замынхантай газар дээр нь хамтран шийдэх байсан. Энэ асуудлаа бид газар дээр нь бүрэн шийдлээ. УБТЗ-ын хувьд манай шинээр барьж байгаа замыг угтуулж холбох хэсгийг өөрсдөө барина. Харин бид үндсэн гол замаа тэнд нь холбоно гэсэн үг. Ингэснээр Багахангай талаас ч ялгаагүй, УБТЗ-тай холбогдох гарц бүрэн шийдэгдэж байна. Хамгийн чухал нь Улаанбаатар хот дундуур явдаг аюултай ачаа, тэр дундаа экспорт болон транзит ачааг хотын гадуур тойруулан гаргах эхний том ажил эхэлж байна.
Бид энэ замыг есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгаж, анхны галт тэргийг Улаанбаатар хотыг тойруулан явуулна. Эхний ээлжинд транзит, экспорт, аюултай бүх төрлийн ачааг хот руу оруулахгүйгээр тойруулж гаргана.
Ажлын явцын хувьд Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.2 км замын суурь ажил үндсэндээ бүрэн хийгдсэн. Одоогоор 20 гаруй км-т нь бетон суурин дээр дээд бүтцийн ажил буюу төмөр зам угсралт хийгдэж байна. Үлдсэн хэсгүүд дээр ажлууд үргэлжилж байгаа. Нийтдээ 15–16 компани оролцож, 40 орчим км зам дээр зэрэг ажиллаж байна. Гүйцэтгэгч компаниудын хэлж буйгаар 45 хоногийн дотор энэ ажлаа дуусгаж хүлээлгэж өгөх боломжтой гэж үзэж байгаа. Үүний дараа дараагийн шатны дэд бүтцийн ажлууд үргэлжилнэ.
Одоогийн хамгийн том сорилт бол Туул гол дээгүүр баригдаж буй гүүрийн ажил. Нийт 425 метр урттай энэ гүүр дээр таван компани ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сарын 15-нд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Цаашид бид станцуудын нүүрсний тээврийг Улаанбаатар хотын баруун талаар оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл, нүүрс хотын төвөөр дамжин тээвэрлэгдэхгүй. Түүнчлэн нийслэлийн өвөлжилт, дулааны цахилгаан станцуудын нүүрсний хангамж илүү найдвартай шийдэгдэнэ. Өнөөдөр Улаанбаатар хот руу жилд дунджаар 4 сая орчим тонн нүүрс орж ирдэг. Энэ бүх тээврийг шинэ төмөр замаар зохицуулж, хотын ачааллыг бууруулах бүрэн боломжтой болох юм.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-05-04





