Татварын дарамтанд сөхөрсөн ААН-үүд хаалгаа барьж байна www.news.mn
Нэгэн цагт сошиал орчинд идэвхтэй, залуусын сонголт болж байсан “Ивээл” брэнд үүд хаалгаа барихаар болжээ. Арван жилийн турш үндэсний үйлдвэрлэлээ авч явж, дотоодын хэрэглэгчдээ бүтээгдэхүүнээр хангаж ирсэн тэд “эдийн засгийн хүндрэл, татвар болон бусад нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй боллоо” хэмээн мэдэгдсэн нь өнөөдрийн бизнесийн орчны бодит дүр төрхийг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд жижиг, дунд бизнесүүд ээлж дараалан хаалгаа барьж байна. Зарим нь түрээсээ дийлэхгүй, зарим нь ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, харин олонх нь татвар, шимтгэлийн дарамтад сөхөрч байна. Бизнес эрхлэх гэдэг гаднаас харахад ашиг орлого, өсөлт хөгжил мэт ойлгогддог ч үнэндээ хамгийн их эрсдэл, дарамтыг дагуулдаг салбар. Ялангуяа үйл ажиллагаагаа эхлүүлж буй жижиг компаниудын хувьд эхний жилүүд хамгийн хүнд байдаг. Түрээс, түүхий эдийн үнэ, ажилчдын цалин, нийгмийн даатгал, НӨАТ, цахилгаан, ус, татвар гээд сар бүрийн тогтмол зардлууд борлуулалтаас нь түрүүлж нэхэгдэнэ. Орлого буурсан ч татвар буурахгүй. Ашиггүй ажилласан ч шимтгэл зогсохгүй. Үйл ажиллагаа доголдсон ч төлбөрийн дарамт тасрахгүй.
Томоохон компаниуд тодорхой хэмжээний нөөц хөрөнгөөрөө хүнд үеийг давж чаддаг бол жижиг, дунд бизнесүүдэд ийм боломж хомс. Тэд нэг сар алдагдал хүлээхэд л дампуурлын ирмэгт очдог. Борлуулалт багасах тусам зардлаа нөхөхийн тулд үнэ нэмэхээс өөр аргагүй болно. Харин үнэ өсөхөд хэрэглэгч цөөрнө. Ийнхүү бизнесүүд алдагдлаа нөхөх гэж тэмцсээр эцэстээ хаалгаа барих сонголттой нүүр тулдаг.
Хамгийн харамсалтай нь хаагдаж буй бизнесүүдийн дийлэнх нь ашиг орлогоо тогтворжуулж, зах зээлдээ бүрэн байр сууриа эзэлж амжаагүй байдаг. Өөрөөр хэлбэл тэд өсөх боломжтой байх үедээ хамгийн их дарамтад орж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, ажлын байр бий болгоно гэж төр ярьдаг ч бодит байдал дээр бизнесүүд шалгалт, татвар, өндөр зардлын дунд амь тэмцэн үлдэж байна.
“Ивээл” шиг дотоодын брэндүүд хаагдана гэдэг зөвхөн нэг дэлгүүр үгүй болж байгаа асуудал биш. Цаана нь олон хүний ажлын байр устаж байна. Нийлүүлэгчид орлогогүй болж байна. Монголд үйлдвэрлэл эрхлэх итгэл суларч байна. Арван жилийн хөдөлмөр, хуримтлуулсан туршлага, хэрэглэгчдийн итгэл бүгд нэг мэдэгдлээр төгсөж буй хэрэг.
Үндэсний үйлдвэрлэгчид зах зээл дээр зөвхөн бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй. Тэд эдийн засгийг дотоодоос нь тэтгэж байдаг. Ажилгүйдлийг бууруулдаг. Татвар төлдөг. Олон айлын амьжиргааг авч явдаг. Гэтэл өнөөдөр олон бизнес эрхлэгч “ажиллах тусам алдагдалтай” гэх мэдрэмжтэй болсон нь хамгийн том аюул юм. Учир нь бизнес эрхлэгч хүн ашиг олохын төлөө бус, зүгээр л алдагдалд орохгүй үлдэхийн төлөө ажиллаж эхлэх үед эдийн засаг эрүүл байхаа больдог.
Татвар бол мэдээж улс орны орлогын чухал эх үүсвэр. Гэхдээ татварын бодлого нь татвар төлөгчөө дэмжих бус сөхрүүлж эхэлбэл эцэстээ улс өөрөө хохирно. Учир нь хаагдсан бизнес татвар төлөхгүй. Ажилгүй болсон хүмүүсийн хэрэглээ буурна. Дотоодын үйлдвэрлэл агшина. Ингэснээр эдийн засаг бүхэлдээ саарах эрсдэлтэй.
Нийтэлсэн огноо2026-05-01





