СОНСГОЛ: Туулын хурдны зам төслийн төсөлд цаасан дээр байдаг хятад компаниудыг шалгаруулсан www.itoim.mn
УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Өнөөдөр сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Туулын хурдны зам төсөл болон Сэлбэ дэд төв төслийн үйл ажиллагааны явцад илэрсэн зөрчлүүдийн тухай холбогдох байгууллагын мэргэжилтнүүд танилцуулж байна.
Туулын хурдны зам төсөл
Туулын хурдны замын төсөлд хийсэн аудитын тайлангийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: Одоогоор аудитын шалгалтын ажил тайлагнах шатандаа явж байна. Аудитыг энэ оны хоёрдугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд тайланг зургаадугаар сарын 30-ны дотор УИХ-ын Төсвийн байнгын хороо болон холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна. Аудитын явцад төслийн ТЭЗҮ, зураг төсөл, худалдан авах ажиллагаа, гэрээ хэлцэл, төсөвт өртөг, санхүүжилт, байгаль орчны асуудал, урьдчилгаа төлбөрийн баталгаа, ил тод байдал зэрэг олон асуудлыг хамруулан шалгаж байна. Мөн иргэд, олон нийт болон мэргэжлийн байгууллагуудаас дэвшүүлсэн санал, шүүмжлэл, асуудлуудыг анхааралдаа авч ажиллаж байна. Үндэсний аудитын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг энэхүү сонсголд оролцож, шаардлагатай мэдээллээр ханган хамтран ажиллаж байгаа юм.
Шалгалтаар шинэ тойрог зам төслийн урд хэсэг, Туулын хурдны авто замын төслийг Засгийн газрын 33 дугаар тогтоолоор концессын жагсаалтад оруулан баталсан нь тогтоогдсон байна. Төслийн нийт төсөвт өртөг 916.3 тэрбум төгрөг бөгөөд 2025 онд 538.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ. Мөн Засгийн газрын 2025 оны 78 дугаар тогтоолоор нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрчимжүүлэх хүрээнд тендер шалгаруулалт болон хөрөнгө оруулалтын гэрээнд Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны гэрээний нөхцөлийг хэрэглэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг Барилгын хөгжлийн төвөөс 2025 оны гуравдугаар сарын 18-нд магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулжээ. Харин байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний дүгнэлтийг 2025 оны зургаадугаар сарын 9-нд, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний тайланг 2026 оны гуравдугаар сарын 19-нд, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2026 оны дөрөвдүгээр сарын 17-нд тус тус Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хүлээн авч, хянан баталгаажуулсан байна. Гэвч шалгалтаар усны сан бүхий газрын ашиглалттай холбоотой дүгнэлт гаргуулах ажил хийгдээгүй, орхигдсон нь тогтоогдсон. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай 15 төрлийн тусгай зөвшөөрлөөс дөрвийг нь одоогоор аваагүй байна. Үүнд газар эзэмших зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл болон усны сан бүхий газрын ашиглалтын дүгнэлт багтаж байгаа юм.
Туулын хурдны замын төслийн хэрэгжилтийн явцад гарсан зөрчлүүд болон авсан арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: Тус төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг "Мон Газар Экологи" компани 2025 онд боловсруулж гүйцэтгэсэн байна. Гэвч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний ерөнхий үнэлгээг эрх бүхий байгууллагаар хянуулж баталгаажуулсны дараа л төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон. Иймд төслийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулахыг төсөл хэрэгжүүлэгч талд үүрэг болгосон юм.
Мөн гадаадын хөрөнгө оруулалттай тус компани Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тусгагдсан шаардлагуудыг хэрэгжүүлээгүй, Ойн тухай хуульд заасан үүргийг биелүүлээгүй, түүнчлэн ус ашиглах гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан гэх зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл Нийслэлийн прокурорын газарт 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ирсэн. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон. Гомдол, мэдээллийн мөрөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны хяналтын газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 21-нд зөрчлийн хэрэг нээж шалгасан бөгөөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нийт 352 сая төгрөгийн торгууль, шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан юм.
Худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцууллаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр: Худалдан авах ажиллагаанд хийсэн шалгалтыг нийт зургаан чиглэлээр явуулсан. Тендер шалгаруулалтад дөрвөн компани оролцсоноос захиалагч байгууллага 2025 оны долоодугаар сарын 4-ний өдөр China HyWay Group болон Тяньжин ӨүБайВэй компанийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон байна. Гэвч шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Тус түншлэлийн компанийг төлөөлж оролцсон худалдааны менежер Д.Золбоо нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг нотлох баримт тендерийн материалд байгаагүй. Өөрөөр хэлбэл, компанийн захирал Liu Daiwen-ээс олгосон итгэмжлэл ирүүлээгүй нь тогтоогдсон. Мөн хоёр компани түншлэлийн хэлбэрээр тендерт оролцсон атлаа гэрээний хэрэгжилтийн явцад захиалагчийн өмнө бүрэн хариуцлага хүлээх нэг гишүүнийг томилох ёстой байсан ч энэ шаардлагыг хангаагүй. Энэ нь холбогдох хууль, журмыг зөрчсөн үйлдэл юм.
Түүнчлэн Тяньжин ӨүБайВэй компани өөрийн барилгын тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй бөгөөд үүний оронд Серби Улсад байгуулагдсан, хөрөнгө оруулалттай OBW компанийн тусгай зөвшөөрлийг тендерийн материалд хавсаргасан. Шалгалтаар мөн түншлэл нь тендер зарласны дараах байдлаар татварын өр төлбөргүй болохыг нотлох эрх бүхий байгууллагын баримт бичгийг ирүүлээгүй нь тогтоогдсон. Үүнээс гадна тус түншлэлийн компанийн туршлагыг нотлох зорилгоор ирүүлсэн таван ажлын дөрөвт нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг баталгаажуулах комиссын акт, дүгнэлт зэрэг шаардлагатай баримт бичиг дутуу байсан тул тендерийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан юм.
Шинжээчийн дүгнэлт: Шалгалтаар тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгасан шалгуур үзүүлэлтүүд нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцох боломжийг хязгаарласан, хэт өндөр шаардлага тогтоосон гэж дүгнэсэн. Мөн төслийн ажлын нарийвчилсан зураг төслийг батлуулаагүй байхад зөвхөн ТЭЗҮ болон урьдчилсан төсөвт тулгуурлан гүйцэтгэгчийн саналыг үнэлсэн нь бодит төсөвт өртгийг харьцуулах боломжгүй болгож, эрсдэлтэй шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлсэн байна.
Шалгалтаар хоёр гадаадын компанид урьдчилгаа төлбөр хэлбэрээр нийт 13 удаагийн гүйлгээгээр 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон. Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр тэмдэглэлээр Туулын хурдны замыг зургаан эгнээтэй болгох, мөн хотын төвийн бүсээр дайран өнгөрөх хэсгийг гүүрэн байгууламжтайгаар төлөвлөхийг холбогдох сайд болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон байна. Улмаар төслийн төсөвт өртөгт хэд хэдэн удаа өөрчлөлт оруулжээ. НИТХ-ын 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 25/50 дугаар тогтоолоор Туулын хурдны замын ажлын төсөвт өртгийг анх баталсан дүнгээс 1 их наяд 48.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1 их наяд 964.8 тэрбум төгрөг болгон тодотгосон байна.
Үүний дараа НИТХ-ын 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 25/70 дугаар тогтоолоор төслийн төсөвт өртгийг дахин нэмэгдүүлж, 2 их наяд 384 тэрбум төгрөг болгон өөрчилжээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/520 дугаар захирамжаар мөн адил төсөвт өртгийг 2 их наяд 384 тэрбум төгрөг болгон шинэчлэн баталсан байна. Шинэчлэгдсэн зураг төслийн дагуу авто замын трассын нөлөөлөлд нийт 112 нэгж талбар өртөхөөр байжээ. Үүнээс 58 нэгж талбарын эзэмшигч, ашиглагчтай газар чөлөөлөх гэрээ байгуулж, зөвшилцөлд хүрсэн бол үлдсэн 54 нэгж талбарын иргэн, хуулийн этгээдтэй одоогоор зөвшилцөл хийгдээгүй байгаа юм.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-06-16





