Өнгөрсөн таван жилд 15 мянга гаруй га талбайг нөхөн сэргээжээ www.montsame.mn
Улсын хэмжээнд 2020-2025 онд 13,980 га талбайд техникийн, 3,632 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийснийг БОУАӨЯ мэдээллээ.
Сэлэнгэ аймагт гэхэд 2017 оны тооллогоор 3,635 га, 2018-2025 онд 1,609.56 га буюу 5,244.56 га талбай эвдэрсэн гэж бүртгэсэн бөгөөд нөхөн сэргээлтийн дийлэнхийг Ерөө, Хүдэр, Баянгол суманд хийжээ. Өнгөрсөн таван жилд гэхэд 4,817.71 га талбайг нөхөн сэргээсэн байна.
БОУАӨЯ-наас Өмнөговь, Булган аймаг, Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын нутагт техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн ургамал хэрхэн сэргэснийг судалж байгаа юм. Тухайлбал, Сэлэнгэ, Өмнөговь, Булган аймагт нийт 21 аж ахуйн нэгжийг шалгаснаас 5 нь үйл ажиллагаа явуулаагүй, 13 нь байгальд нөлөөлөх байдлын үнэлгээтэй байв. Нийт 64 зөрчил илрүүлж, 8 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлжээ. Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Түүнчлэн өрөмдлөгийн цооногийн нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг шалгахад Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” ХХК 2025 онд өрөмдсөн 16 цооногийг битүүлсэн ч зургааг нь нүүрс буулгах талбай болгосон байв.
Сэлэнгэ аймагт 939.77 га талбайд нөхөн сэргээлт, геологи, хайгуулын явцад өрөмдсөн 149 цооногийг битүүлжээ. Гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлон, нөхөн сэргээхгүй орхисон талбайн нүх, цооног, цүнхээлүүд нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг эрсдүүлж байна. Хууль бусаар ашигт малтмал олборлосноос үүссэн 200 орчим нүх, цооногоос зарим нь байгалийн нуралтын улмаас томорч, осол, эрсдэлийн түвшинг нэмжээ.
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, хайгуулын цооног, ухсан нүхийг аюулгүй болгон хаах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр арга хэмжээ авч байгаа ажээ.
Нийтэлсэн огноо2026-06-16





