2026 оны I улирлын байдлаар сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 934 мянган төгрөг байна www.eguur.mn
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2026 оны эхний улирлын байдлаар нийт 55.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага болон 850.8 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ААНБ-ын тоо өмнөх улирлаас 1.6 мянга буюу 2.9 хувиар нэмэгдэж, харин ажиллагчдын тоо 17.9 мянга буюу 2.1 хувиар буурчээ. Ажиллагчдын тоо өмнөх улирлаас буурахад уул уурхай, олборлолт, барилга, төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал болон боловсролын салбарын ажиллагчид 0.7-3.1 мянгаар буурсан нь нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2026 оны эхний улирлын тайланд хамрагдсан нийт ажиллагчдын 129.7 мянга буюу 15.2 хувь нь боловсролын, 126.5 мянга буюу 14.9 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 89.8 мянга буюу 10.6 хувь нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын, 82.0 мянга буюу 9.6 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 55.6 мянга буюу 6.5 хувь нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа, 367.2 мянга буюу 43.2 хувь нь бусад салбарын ажиллагчид байна.
Улсын хэмжээнд 2026 оны эхний улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 934.4 мянган төгрөг, голч цалин 2 сая 500 мянган төгрөг байна.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-06-23





