Он гарсаар алтны ханш 7.7, мөнгөний ханш 20 хувиар буурчээ www.cnbc.mn
• Зургаадугаар сарын 25-ны олон улсын үнэт металлын зах зээл дээр спот алт унц нь 3,980.79, мөнгө унц нь 56.86 ам.доллароор арилжаалагджээ.
• Он гарснаас хойш алтны ханш 7.7 хувиар, мөнгөний ханш 20 хувиар буурсан байна.
• Зах зээлийн гол анхаарал инфляцын чиг хандлага болон төв банкууд бодлогоо дахин чангатгах эсэх дээр төвлөрч байна.
Зургаадугаар сарын 25-ны пүрэв гарагийн олон улсын үнэт металлын зах зээл дээр спот алт унц нь 3,980.79, мөнгө унц нь 56.86 ам.доллароор арилжаалагдаж, он гарснаас хойш алтны ханш 7.7 хувиар, мөнгөний ханш 20 хувиар буурсан байна. Зах зээл геополитикийн эрсдэлээс гадна мөнгөний бодлогын дараагийн алхам, бодит өгөөжийн чиглэлийг зэрэг үнэлж эхэлсэн нь үнэт металлын ойрын хугацааны хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
“Macquarie”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар зах зээлийн гол анхаарал инфляцын чиг хандлага болон төв банкууд бодлогоо дахин чангатгах эсэх дээр төвлөрч байна. “CME”-ийн “FedWatch” хэрэгслийн үнэлгээгээр хөрөнгө оруулагчид есдүгээр сар гэхэд Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх боломжийг тооцож эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Европ болон Японы төв банк энэ сард Ирантай холбоотой эрчим хүчний цочролын дараа бодлогын хүүгээ өсгөсөн нь дэлхийн мөнгөний бодлого өндөр хүү, өндөр өгөөжийн орчинд удаан хадгалагдах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Энэ нөхцөлд алтны аюулгүй хөрөнгийн шинж чанар богино хугацаанд сулрах тал руу хэлбийжээ. “Macquarie”-ийн стратегичид Ойрх Дорнод дахь мөргөлдөөн намжих шинж, Холбооны Нөөцийн банк илүү хатуу байр суурьтай болох нь алтны аюулгүй “орогнох” хөрөнгийн эрэлтийг сулруулж, ханш буурахад нөлөөлсөн гэж тэмдэглэжээ. “OCBC”-ийн стратегичид мөн Холбооны Нөөцийн банкны сүүлийн үеийн хатуу мэдэгдэл, бодит өгөөж өндөр байгаа орчин алтанд ойрын хугацаанд болгоомжтой хандах шалтгаан үүссэн гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, үнэт металлын ханшийг зөвхөн геополитикийн эрсдэл хөдөлгөхөөс илүүтэй бодлогын хүү, инфляц, өгөөжийн төсөөлөл хүчин зүйл болж байна.
Гэхдээ богино хугацааны үнийн дарамт төв банкуудын алтны худалдан авалтыг бүрэн зогсоосон гэж үзэх нь өрөөсгөл. Дэлхийн Алтны зөвлөлийн 2026 оны судалгаанд оролцогчдын 89 хувь нь дэлхийн төв банкуудын алтны нөөц ирэх 12 сарын хугацаанд өснө гэж хүлээж байна. Мөн судалгаанд оролцсон төв банкуудын 45 хувь нь алтны нөөцөө нэмэгдүүлнэ гэж хариулсан нь тус судалгааны түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Ханшийн таамаг
“Macquarie” 2026 онд алтны дундаж ханшийг унц нь 4,641 ам.доллар гэж тооцсон байна. Харин 2027 оныхыг 4,200 ам.доллар болж буурна гэж үзжээ. Тус байгууллага алтны энэ оны жилийн эцсийн таамгаа 4,400 ам.доллараас 4,300 ам.доллар болгон бууруулсан нь зах зээл богино хугацаанд мөнгөний хатуу бодлогын нөлөөг дахин үнэлж эхэлснийг илтгэж байна.
Мөнгөний хувьд “Macquarie” энэ оны дөрөвдүгээр улиралд унц нь 70 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. Харин 2027 оны эцэст мөнгөний ханш 65 ам.долларт хүрч тогтворжино гэж үзсэн байна. Одоогийн 56.86 ам.долларын түвшинтэй харьцуулахад энэ нь мөнгөнд дунд хугацаанд сэргэлтийн орон зай үлдэж байгааг харуулсан ч богино хугацаанд бодлогын хүү, бодит өгөөж, инфляцын хүлээлт гол чиглүүлэгч хэвээр байна.
Нийтэлсэн огноо2026-06-26





