Экспорт, импортын үнэ өмнөх оноос 19 хувиар өсжээ www.news.mn
Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс 2026 оны тавдугаар сард 84.9 болж, өмнөх сараас 6.7 хувиар буурсан хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад өөрчлөлтгүй, тогтвортой байна. Тодруулбал, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн нь экспортын үнийн индексийг нэмэгдүүлсэн боловч импортын үнийн өсөлт илүү өндөр байсан нь худалдааны нөхцөл өмнөх сараас муудахад нөлөөлсөн аж.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан мэдээллээр гадаад худалдааны үнийн индексийн дэлгэрэнгүй үзүүлэлтийг авч үзвэл, экспортын үнийн индекс 2026 оны тавдугаар сард 102.3 хувьд хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас экспортын бүтээгдэхүүний үнэ 0.2 хувиар буюу үл мэдэгдэх хэмжээгээр өссөн үзүүлэлт боловч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын үнэ ерөнхий дүнгээрээ 19.0 хувиар өсжээ.
Энэхүү үнийн өсөлтөд уул уурхайн гол бүтээгдэхүүнүүд болох алтны үнэ 38.4 хувиар, зэсийн үнэ 61.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нөгөө талаас, импортын үнийн индекс 2026 оны тавдугаар сард 120.5 хувьд хүрсэн бөгөөд импортоор авч буй бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 7.4 хувиар огцом өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөн адил 19.0 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Импортын үнэ өмнөх сараас өссөн нь гадаадаас авдаг бараа бүтээгдэхүүн, тухайлбал шатахуун, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа зэрэгт илүү их ам.доллар төлж буйг илтгэж байгаа бөгөөд энэ нь цаашид дотоодын зах зээлд импортын инфляцын дарамтыг үүсгэх, валютын гарах урсгалыг нэмэгдүүлэх үндсэн нөхцөл болж байна.
Нийтэлсэн огноо2026-07-09





