Н.Учрал: "Оюу толгой"-оос авах ногдол ашгийн дүнг намрын чуулганы эхэнд хэлнэ www.itoim.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Монголын Үндэсний телевизийн “Ерөнхий сайдаас асууя” шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийнхээ асуултад 2 цаг 30 минутын турш хариуллаа. Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдаад 100 хонож байгаа бөгөөд энэ хугацаанд ямар ажил хийснээ иргэдийнхээ асуултад хариулах байдлаар тайлагналаа. Ерөнхий сайдын ярилцлагаас онцлох хариултуудыг тоймлон хүргэе.
Оюу толгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 10.5 хувь байсныг 7.9 хувь болгон буурууллаа. Зээлийн хүүг бууруулснаар Оюу толгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрджээ. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой.
“Онтрэ”-ийн асуудлыг УИХ-аар оруулж шийдүүлнэ. Хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууна. УИХ-ын тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газарт Их хурлын өмнөөс шийдвэр гаргах эрх байхгүй.
34 хувийг шууд борлуулалтаас нь АМНАТ-өөр аваад Баялгийн санд хийдэг болчихвол Монгол Улс санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэдэг энэ зарчмыг баримталж “Онтрэ”-тэй хэлэлцээр хийнэ.
Оюу толгойгоос энэ жил хэдийд ногдол ашгаа авах талаар “Рио Тинто”-той хэлэлцээрт орох ажлын хэсгийг Сангийн яам байгуулсан. Ногдол ашгийн дүнг намрын чуулганы эхэнд хэлнэ. Одоо дүнг хэлэхэд эрт байна.
Оюу толгой Хөрөнгө оруулалын гэрээг байгуулснаас хойш төсвийн 30 хувийг бүрдүүлж байна. Зэсийн АМНАТ бууруулах асуудал огт батлаагүй. Оюу толгой дээр 17 жил яриад чадаагүй сэдэв. Манай Засгийн газар 12.5 тэрбум ам.долларт хүрсэн байсан өрийг 8.2 тэрбум ам.доллар болгож бууруулж, 32 их наядын үр дүнд хүрлээ.
Татварын маргаантай асуудал Арбитр дээр байдаг. Эцсийн шийд гараагүй байна. Энэ 17 жилийн хугацаанд Монголын талд ашигтай байдлаар бодитой үр дүн гаргаж чадаагүй. Сүүлдээ татвар, санхүүжилтийн баахан өртэй үлдсэн. Би хөрөнгө оруулагч талд “Санхүүжилтийн бүтцээ эргэж харах ёстой” гэж хэлсэн. “Онтрэ” дээр 53 хувийн өгөөжийг манай тал авч, бие даасан хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг хатуу байр суурь илэрхийлж байна.
Би 2009 онд байгуулсан гэрээнд сэтгэл дундуур байдаг юм. 17 жилийн хугацаанд хэлэлцээр хийдэг залуус олон болсноор үр дүн гаргалаа. 12.5 тэрбумын өрөнд оруулчихсанд харамсаж явдаг. Оюу толгойг цуцлах шиг амархан юм байхгүй.
53 хувийн өгөөжид хүргэж чадахгүй бол төслийг цааш явуулахгүй гэдгээ "Рио Тинто”-д хэлснээр нөгөө тал буулт хийж, хэлэлцээрт орсон. Оюу толгойн зээлийн хүүг бууруулах ажлыг хэдэн жилийн өмнө хийх ёстой байсан. Шаардлагатай бол санхүүжилтийн моделио өөрчил гэж хэлсэн.
Оюу толгойн гүйлгээг Монголын банкаар дамжуулах шаардлага тавина. Ер нь Засгийн газар бүр чадах чадахаараа ажилласан. 2024 онд сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэхдээ яг үр дүн гарахгүй болохоор ард түмэн бухимдана. Тиймээс өөрөө хариуцлагатай албыг аваад эхний алхмаа хийсэндээ баяртай байгаа. Цаашдаа барьцаа улам ахиулна.
Манай улс 2.2 тэрбум ам.доллароор гаднаас шатахуун авдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд нөөцийн саваа хийж чадаагүй. Ерөнхий сайдын ажлаа аваад шатахууны нөөц сав бэлтгэх ажлыг эхлүүллээ. Энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлээр 150 метр куб нөөцийн сав ашиглалтад оруулна. Энэ гурван сарын нөөц хийх сав.
ОХУ-ын манайд нийлүүлж байгаа бензин хямд буюу гэрээ байгуулсан үнээрээ өгч байгаа. Улсдаа харин манайхаас өндөр зарж байгаа. Манай 30 хоногийн нөөцтэй байна. Монгол Улсад хойд хөрш хэлэлцээрийн дагуу нийлүүлэлтээ хангалттай хийж байгаа.
Энэ жил 5000 тонн мах нөөцлөөд, зорилтод цэгүүд дээр хүргээгүй байсан. 2500 орчим тонныг ибаримт бүртгэлгүй байсан. 9 компани хөнгөлөлттэй зээл аваад мах нөөцлөх ажлыг хийсэн. Гэхдээ төсвийн дэмжлэг байгаагүй. Тиймээс дэмжлэг үзүүлээд нийлүүлэлтийг сайжруулах арга хэмжээг авсан.
Мах, ногооны агуулах, зоорь барихад хөнгөлөлттэй зээл олгоно. Махны үнэ дээр тодорхой арга хэмжээ авахгүй бол инфляцыг хөөрөгдөж байна.
Орон сууцны захилга өгөөд залиулсан иргэд над руу их хандсан. Хувийн хэвшил барилгаа бариагүй байж захиалга авчихдаг. Энэ асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд хэд хэдэн хууль УИХ-д өргөн барьсан. Барилгын 30 хувийг барьсны дараа захиалга авна. ЦЕГ дээр тусгай ажлын хэсэг шалгаж байна. Залиланд өртсөн бол хуулийнханд баримтаа авч очоод хандаарай. Би анхаарч ажиллана.
Монголбанк дээр байгаа ипотекийн зээлийн хөтөлбөрийг Орон сууцжуулалтын төрөлжсөн банк гэж салгаад хөрөнгө босгоод, эрэлтийг дэмжих бодлого барьж байгаа. Зах зээл дээр 23 мянган орон сууц байна. Ирэх жил барилгын салбарт 1.5-2 их наядыг оруулж байж 6, 8, 10, 12 хувийн хүүтэй орон сууцны зээл гаргана.
Орон сууцжуулалтын төрөлжсөн банкны 34 хувийг төр эзэмшинэ. 66 хувь дээр нь гаднаас хөрөнгө оруулалт татна. Тиймээс гаднын банк оруулах босгыг хуулиар нээсэн. Есдүгээр сарын 15 гэхэд 500 сая ам.доллар босгоно. Үүнийг төсөв дээр дэмжээд свопын зардлыг нь аваад 15.2 их наядыг барилгын салбар руу оруулна.
Зөвхөн зургаан хувийн зээл дээр оочирлох биш олон төрлийн орон сууцны зээлийн бүтээгдэхүүн гаргана. Ингэхдээ аль болох захын дүүрэг, аймгуудад ипотекийн зээлийг олгоно.
Гаднын банк дэд бүтэц, орон сууцны гэсэн тухайлсан төслүүдэд хөрөнгө оруулалт гаргах зарчмаар ажиллана.
Төрийн албанд орох үүд хаалгыг илүү нээлттэй байлгах ёстой. Тиймээс хиймэл оюун ухааныг ашиглаж сонгон шалгаруулалт зарладаг шинэчлэл хийнэ. Хүний нөөцийн нэгдсэн сантай болгоно.
Засгийн газар авлигын эсрэг чөлөөлөлтийн хүрээнд холбогдох албан тушаалтныг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хүргүүлдэг. Хариуцлага тооцох ёстой гэж шаарддаг.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг банкаар дамжуулдаг ч хэдхэн хүн тойрч зээл авдаг. Үр дүнгүй болчихсон. Ирэх оны төсөв өргөн барихдаа илүү нээлттэй болгох зарчим баримтална.
Боловсролын зээлийн санг хөгжлийн сан болгон өөрчиллөө. Эрэлттэй мэргэжлүүдэд төр санхүүжилт хийнэ.
10 аймагт баригдаж буй ДЦС-ын ажлыг улсын төсвөөр санхүүжүүлж цааш нь явуулна. Солонгосын талын компани дампуурсны улмаас төсөл гацсан. БНСУ-ын Ерөнхийлөгчтэй үүнийг ярилцана.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-07-09





