Г.Дамдинням: Шатахууны 33 хоногийн нөөц байгаа, шатахуун тасалдахгүй www.itoim.mn
Н.Учралын Засгийн газар байгуулагдсаны 100 дахь өдрөөр "100 чөлөөлөлт, 100 өдөр" хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийж байна.
Энэ үеэр шатахууны хомсдолын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодруулахад "Манай Засгийн газрын 100 хоногийн мэдээллийг үзэж байгаа иргэддээ хэлэхэд тайван амгалан байцгаа. Шатахууны нөөц байгаа. ОХУ-ын байдал хүнд байгаа ч Засгийн газар идэвх санаачилгатай ажиллаж дөрөвдүгээр сард УИХ-аар батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд ОХУ-аас шатахууныг төрөл бүрээр нь авч байгаа. Өнөөдөр хүртэл шатахуун хэвийн авч байгаа. Нөхцөл байдал туйлын хүнд байна. Гэсэн ч бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд шатахууны бэрхшээлийг даваад ирлээ. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон хямралын үед 7 хоногийн шатахууны нөөцтэй байсан. Өнөөдөр 33 хоногийн нөөцтэй байна. Нэмээд орж ирж байна. Долдугаар сард 47 мянган тонн АИ92, 1200 тонн АИ95, 88860 тонн түлш гээд нийт 137 мянган тонн бүтээгдэхүүн худалдан авахаар захиалаад гэрээгээ хийсэн. Мөн БНХАУ-аас 71000 тонн бүтээгдэхүүн авахаар захиалга өгөөд байна. Долдугаар сарын 4-ний байдлаар АИ92 33, АИ95 44, түлш 27, онгоцны түлж 21 хоногийн нөөцтэй байна. Манай Засгийн газар шатахууны нөөцийн савтай болох бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Хамгийн багадаа 3 сарын нөөцөө хадгалдаг болно. Энэ ондоо багтаад 150 мянган метр куб сав ашиглалтад оруулна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд сумдын наадам болсон. Тиймээс орон нутгийн хангалтаа хийсэн. Өнгөрсөн шөнө Улаанбаатарын бүх ШТС-уудыг цэнэглэсэн. Ердийн нөхцөлөөс 3-4 дахин ихээр авч байна. Нэг цэнэглээд 3 хонодог байсан ШТС өдөртөө дуусаж байна. Энэ нь бүтээгдэхүүн бага байгаадаа бус ихээр худалдаж аваад байгаатай холбоотой. Мушгин гуйвалсан мэдээлэлд хэт их автаад бүгд очоод оочирловол нөөц хурдан багасна. Гэхдээ сандрах түвшинд хүрээгүй. 8,9-нд аймгийн наадмууд болж, улс даяараа амарч хөдөө хотгүй амрана" гэлээ.
Баяр наадмын өдрүүдээр шатахууны хэрэглээ хоёр дахин өсдөг байна. Бэлтгэлийг хангасан гэдгийг салбарын сайд мэдэгдлээ.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-07-08





