АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ руу явж, яриа хэлэлцээ хийнэ www.news.mn
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр ОХУ руу явж, яриа хэлэлцээ хийнэ. Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудаснаа "Маргааш Москва явна. Салбар хариуцсан нэг жилийн хугацаанд ес дэх нь болж байна даа. Яриа хэлэлцээ, харилцаа тасралтгүй ажиллагааны үр дүнд дизель түлшний үнийн өсөлтийг зогсоох, хоёрдугаар сараас хойш хэзээ мөдгүй тасалдах эрсдэлтэй байсан импортыг залгуулсаар л ирэв. АНУ-Ираны зөрчил Ормузын хоолойн хямрал, Орос-Украины зөрчилдөөн гээд "Дэлхийн эрчим хүчний агентлаг"-ийн мэдэгдсэнээр урьд өмнө нь хэзээ ч болж байгаагаагүй хүнд хэлбэрийн газрын тосны хямралтай цаг үеийг туулж байна. Нөхцөл байдлыг удахгүй сайжруулахын төлөө хичээнэ.
Нийт газар нутгийнхаа 90 хувьд шатахууны хомсдол, хязгаарлалттай байгаа ч сайн хөршийн харилцаагаа хүндэтгэж бидэнд тусалсаар байгаа ОХУ-н нөхдүүдээ талархахаас аргагүй. Тэндээс Казахстан, тэгээд шууд Бээжин. Мөн л хэд хэд очиж шатахуун ярина" гэжээ.
Мөн тэрбээр "Монгол Улсын шатахууны хэрэглээ жилд 14 хувиар өсч байна. Хоёр жилийн дараа гэхэд дизель түлшний хэрэглээ хоёр дахин өснө. Иймээс ч бид шатахууны нөөцийн савуудыг нэмэгдүүлэх ёстой.
Энэ хүрээнд ирэх жил ч гэсэн агуулах, сав барих ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 24 цагаар эрчимтэй явагдаж байна. Биднийг ажил авахад гүйцэтгэл 20 хувьтай байсан бол одоо 60 хувьд хүрээд байна. Ирэх 2028 онд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа Монгол Улс автобензин, дизель түлшний хэрэглээнийхээ 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 50 хувийг импортоор хангадаг болно" гэдэг мэдээллийг хэвлэлд өгсөн юм.
Нийтэлсэн огноо2026-08-09





