МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ www.montsame.mn
МИАТ ТӨХК, “Боинг” компани агаарын хөлгийн зах зээлийн үнэ, төлбөрийг уян хатан шийдэж, санхүүжилтийн бүтцийг харилцан ашигтайгаар хамтран ажиллана.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын “Боинг” компанийн Хойд Ази дахь арилжааны нисэх онгоцны борлуулалт, маркетингийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Жэф Эдвардс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ энэ тухай онцолжээ. Уулзалтын үеэр хоёр тал монголын агаарын тээврийн зах зээлийн хөгжил болон агаарын хөлгийн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн нөхцөлийн талаар санал ярилцсаныг ЗТЯ мэдээлэв.
Сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс агаарын тээврийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэн хөгжүүлж, Ази, Европыг холбосон газар зүйн давуу байршлыг түшиглэн бүс нутгийн агаарын тээврийн зангилаа төв болохыг зорьж байгааг танилцуулсан юм. Мөн МИАТ, “Боинг” компанийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөлөг худалдан авах санхүүгийн таатай нөхцөл, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, “Боинг” компанийн бүтээгдэхүүний дараагийн загвараас сонгохдоо үйл ажиллагааны зардлыг багасгах, байгальд ээлтэй байх шаардлагын дагуу шатахуун бага зарцуулдаг техникийн үзүүлэлт сайн хөлөг авах сонирхолтойгоо илэрхийлжээ.
МИАТ компани “Боинг”-ийн агаарын хөлгийг 1992 оноос ашиглан, олон улсын нислэг үйлдэж, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж байна.
Нийтэлсэн огноо2026-08-07





