“BYD” -ийн танилцуулсан батарейд суурилсан нийтийн тээврийн "Sky Shuttle" төслийг Улаанбаатар хот дэмжинэ www.itoim.mn
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, БНХАУ-ын “BYD Company Limited” компанийн Батарей хөгжүүлэлт хариуцсан Дэд ерөнхийлөгч Жао Том, Ази тивийн Зүүн хойд бүс хариуцсан захирал Жанг Юнпэн тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
“BYD Company Limited” нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд дэлхийн 100 гаруй улс, 400 орчим хотод үйл ажиллагаа явуулдаг. Тус компани 2025 онд цахилгаан автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлсэн бөгөөд нийт 17 сая гаруй автомашин борлуулжээ.
Компанийн удирдлагууд Улаанбаатар хотод батарейд суурилсан нийтийн тээврийн "Sky Shuttle" төслийг хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдлээ. Тус технологийг БНХАУ-ын 10 хот болон Бразилын Сан-Паулуд амжилттай нэвтрүүлсэн туршлагатай бөгөөд хүйтэн, тэр дундаа -40 хэмийн нөхцөлд ажиллуулах боломжтойг онцолсон байна.
Sky Shuttle төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна. Төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой талаар “BYD” компанийн төлөөлөгчид ярилаа.
“BYD Company Limited” компанийн Батарей хөгжүүлэлт хариуцсан Дэд ерөнхийлөгч Жао Том: Энд тээврийн асуудлын талаар ярьж байна. Бидний хувьд бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Мөн цахилгаан автомашин ашиглан агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн системийг ашиглан замын түгжрэлийг шийдвэрлэх чиглэлээр ажилладаг. Цэнэглэх станцыг бид коридорын загвар гэж нэрлэдэг. Машин удаан хугацаагаар зогсох шаардлагагүй. Таван минут зогсоод цэнэглэхэд л хангалттай. Яг шатахуун түгээх станцад үйлчлүүлдэгтэй адил. Тиймээс хотын хувьд нэмэлт ачаалал, хэрэглээ бий болгох шаардлагагүй гэсэн үг.
Хотын дарга Б.Пүрэвдагва: Одоогоор бид дайн болон геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны хомсдолтой тулгараад байна. BYD-ийн хэрэглэгчид одоогоор үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Тэдэнд чмар ч асуудал байхгүй байна. Танай зорилго болон манай бодлого хоорондоо үнэхээр уялдаж байна. Ялангуяа BYD нь асар их туршлагатай, гүйцэтгэл сайтай компани. Тиймээс бид Монгол Улсад ийм төрлийн технологийг нэвтрүүлэхийг ихээхэн сонирхож байна. Тэр ч байтугай "Sky Shuttle" монорейл тээврийн системийг ихээхэн сонирхож байгаа. Та мэдэж байгаа байх, Улаанбаатар хотод замын түгжрэлийн асуудал маш их байгаа. Бид энэ асуудлыг шийдвэрлэхээр одоо ч хүчин чармайлт гарган ажиллаж байна. Тиймээс "Sky Shuttle" нь замын түгжрэлийг шийдвэрлэх нэг шийдэл байж болох юм.
"Sky Shuttle"-ийн өртөг болон бусад нарийн мэдээллийг мэдэхийг би үнэхээр их хүсэж байна. бид мөн метро, трамбай, BRT буюу хурдан автобусны нийтийн тээврийн системийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Эдгээр нь эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлүүд ч гэлээ одоогоор хараахан эхлээгүй байна. BYD-ийн хувьд бүх давуу тал нь бидний алсын хараа болон бодлоготой бүрэн нийцэж байгаа.
Улаанбаатар хотын жилээс жилд нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан батарей хуримтлуурын систем (BESS) нэвтрүүлэх, цахилгаан автомашины түргэн цэнэглэх станц байгуулах, цахилгаан автомашин, нийтийн тээвэр болон ачааны автомашины салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Талууд дээрх технологи, төслүүдийг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, хэрэгцээ шаардлагад уялдуулан судалж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг хамтран хэлэлцэхээр болов.
Нийтэлсэн огноо2026-08-13





