Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Монголд ирнэ www.itoim.mn
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин наймдугаар сарын 23-нд Монгол Улсад айлчилж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцоно гэж солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Тэрээр наймдугаар сарын 23-нд Монголыг зорьж, наймдугаар сарын 31 хүртэл нийт найман шөнө, есөн хоногийн хугацаанд Монголд байх ба наймдугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын /UNCCD COP17/ дээд хэмжээний уулзалтын нээлтийн үеэр тусгай илтгэл тавина.
Мөн наймдугаар сарын 26-нд Peace Forest Initiative (PEI)-ийн өндөр түвшний дугуй ширээний уулзалтад үндсэн илтгэгчээр оролцох аж.
Peace Forest Initiative нь 2019 онд Өмнөд Солонгосын Засгийн газар болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хамтын санаачилгаар байгуулагдсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой.
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Хурлаар цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцэж, газрын нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны шийдлүүдийг эрэлхийлж байна.
Мүн Жэ Иний Монголд хийх айлчлал нь түүнийг 2022 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөс хойших хоёр дахь албан ёсны гадаад айлчлал болох юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын байгууллагын урилгаар Монгол Улсад ирж байгаа юм байна.
Түүний ажлын албаны мэдээлснээр Мүн Жэ Ин Монголд байх хугацаандаа Солонгос, Монголын ойн хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилттэй танилцахаар төлөвлөжээ.
Түүнчлэн тэрээр COP17-ийн үеэр Финландын Ерөнхийлөгч асан Тарья Халонен, Коста Рикагийн Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада зэрэг улс төрийн зүтгэлтнүүдтэй уулзахаар төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: Korea JoongAng Daily
Нийтэлсэн огноо2026-08-21





