Монгол Улсад эрчим хүчний дата төвийг байгуулна www.eagle.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Т.Доржханд мэдээлэл хийлээ.
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өгөгдлийн тухай хуулийг эцэслэж шийдвэрлэлээ. Ногоон дата төвийг байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэх боломж гарлаа. Засгийн газраас Өгөгдлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Монгол Улс ногоон эрчим хүчний асар их нөөцтэй. Мөн газрын доороо нүүрсний асар их нөөцтэй. Дэлхийн 200 гаруй улсаас нөөцөөрөө эхний тавд ордог. Энэ нөөцийг ашиглаад ногоон дата төвийн хөрөнгө оруулалтыг татах замаар эрчим хүчээ зарна. Монгол Улсад СОР17 хурал болж байна. Энэ хурал байгаль орчныг хамгаалах, газрын хөрсний бохирдол, цөлжилтийн асуудлаас гадна ногоон эдийн засагт хөрөнгө оруулалт татах боломжтой. Мөн олон улсын санхүүгийн байгууллага болоод хувийн хөрөнгө оруулагчдыг татаж, Монгол улс ямар бодлого гаргаж байгаа вэ гэдгийг танилцуулж эдийн засгийн ямар ногоон төслүүдийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч байгаа юм.
Дата төв гэдэг нь харагдах байдлаараа олон улсын өгөгдлийг Монгол Улсад хадгалж, цаашаа дамжуулах төв шиг байгаа ч бодит байдал дээр эрчим хүчний төсөл байдаг. Нийт дата төвийн зардлынх нь 80 хүртэлх хувь нь эрчим хүч байдаг. Монгол Улсын давуу тал нь асар том газар нутагтай, газрын хэвлийдээ асар их эрчим хүчний нөөцтэй, дэлхийд гуравт орох эрчим хүчний хямд тогтвортой, найдвартай эх үүсвэртэй юм. Монголчууд газар доор байгаа нүүрсээ хэрхэн ашиглах вэ гэдэг дээр маш их санаа зовдог. Өнгөрсөн 2014 оны Парисын хэлэлцээрээс хойш нүүрсний станцыг санхүүжүүлэхээ больсон. Нүүрсийг хийжүүлэх гэхээр төсөл нь өндөр өртөгтэй. Санхүүжилт татах боломжгүй байгаад байдаг. Нүүрсийг шингэрүүлье гэхээр маш их хугацаа шаарддаг. Гэтэл бид газар доор байгаа их хэмжээний эрчим хүчний нүүрсийг хэрхэн ашиглах вэ гэхээр эрчим хүчний станц барьж, хажууд нь дата төвөө байгуулна. Тэгээд эрчим хүчний станцаас бий болж буй эрчим хүчийг нь дата төв авч ажиллаж, шилэн кабелиар дата буюу өгөгдлийг олон улсад зарж экспортлох юм. Монгол Улс яагаад энэ чиглэлээрх хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна вэ. Нэгд, Монгол Улсын эрчим хүч маш хямд. Өнөөдөр нарны эрчим хүчний эх үүсвэрээр 1 гВТ-аас дээш хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхэд 2 центийн өртөгтэй. БНХАУ энэ зардал нь 6-7 цент байдаг бол БНСУ-д 18 цент байдаг. Япон улсад 22-36 цент байдаг. Өнөөдөр хамгийн их дата төвийг байгуулж, хөрөнгө оруулалт татаж байгаа АНУ-ын эрчим хүч гэхэд 16-18 центийн өртөгтэй. Гэтэл Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний өртөг 4-5 центээс доош байгаа нь хөрөнгө оруулагчдыг маш их татдаг. Дата төвийг дангаар нь сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулдаггүй. 24/7 цагаар байнга ажиллуулдаг. Тэгэхээр нүүрсний эрчим хүч хэрэгтэй болдог. Энэ хоёрыг хоршуулснаар маш хямд, найдвартай цахилгааны эх үүсвэрийг бий болгож байгаагаараа дата төв экспорт хийж, уул уурхайгаас дутахгүй орлого олох боломжтой юм. Монгол ардчилсан улс учраас гадаадын мэдээллийг хэн нэгэн авч ашиглах боломжгүй, тэрийг нь хамгаалж, эдийн засгийн эргэлтэд оруулсан хуулийн төслийг Засгийн газраар хурлаар эцэслэж, баталгаажуулаад УИХ-д өргөн барьж байгаа нь олон улсад маш том дохио өгнө. Ирэх долоо хоногт та бүхэнд маш сайхан мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор хоёр төрлийн дата төв байгааг хэлье. Нэгд, хиймэл оюун ухаанд суурилсан дата төв байна. Хоёрт, крипто дата төв буюу нүүрсний эрчим хүчээр ажилладаг. Энэ нь ямар нэгэн мэдээлэл, аюулгүй байдал шаардлагагүй байдаг. Үүнд заавал цэвэр эрчим хүч шаардлагагүй, нүүрсний эрчим хүч байхад болно. Харин хиймэл оюун ухааны дата төв нь заавал цэвэр эрчим хүчийг ашиглах ёстой гэсэн шаардлагатай. Бидэнд асар их сэргээгдэх эрчим хүч байгаа болохоор хиймэл оюун дээр түшиглэсэн дата төвийг Монголд байгуулах боломжоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Бидэнд энэ хөрөнгө оруулалтыг татах боломжууд бий. Дата төвийн хамгийн том заалт нь хөргөгч байдаг. Гэтэл бидэнд байгалийн хөргөгч байна. Бусад оронтой харьцуулбал хөргүүрийн зардлыг 40 хувиар бууруулж байгаагаараа онцлог гэдгийг хэлье. Үүгээрээ төслийн үр ашигтай давуу тал болж байна." гэв.
Нийтэлсэн огноо2026-08-19





