Цахим залилан үйлддэг байсан 4 монгол, 1 гадаад иргэнийг баривчилжээ www.news.mn
Цахим орчинд Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал, арилжааны банкуудын тэтгэлэгт хөтөлбөр, “Хүрд эргүүлээд азтан болоорой” гэх мэт агуулгатай хуурамч линк, сайт байршуулж иргэдийг залилах тохиолдол гарчээ.
Тодруулбал, тухайн хуурамч линк дээр дарсан иргэдийн интернет банкны мэдээллийг хуулбарлан авч, дансанд нь байгаа мөнгийг шилжүүлэн авах замаар гэмт хэрэг үйлддэг байсан Монгол Улсын дөрөв, гадаад улсын нэг иргэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилсан байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх этгээдүүд нь гадаад улсад цахим орчин ашиглан гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийн санхүүжилт, холбоо хамаарлыг ашиглан Монгол Улсын иргэдтэй гадаад улсад аялах, суралцах явцад нь холбоо тогтоодог байжээ. Улмаар тэдэнд бэлэн мөнгө өгөх, урамшуулал амлах зэргээр цахим залилангийн гэмт хэрэгт татан оролцуулдаг байсан нь тогтоогдсон байна.
Хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын зөвшөөрлийн дор шалгаж байгаа бөгөөд прокурорын зөвшөөрлийн дагуу сэжигтэй этгээдүүдийн байрлаж байсан орон байр болон биед нэгжлэг хийжээ. Нэгжлэгээр Монгол Улсын иргэдийн интернет банк руу халдахаар төлөвлөж байсан гэх биет эд зүйлсийг хураан авч, хэрэгт нотлох баримтаар тооцон ажиллаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас цахим орчин ашиглан үйлдэгддэг залилангийн гэмт хэргийн арга хэлбэр богино хугацаанд өөрчлөгдөж, иргэдийг хохироосоор байгааг анхаарууллаа.
Иймд иргэд:
-Ямар нэгэн шалтгаанаар урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх
-Хувийн болон банкны мэдээллээ бусдад дамжуулахгүй байх
-Банкны хамгаалалтын зургаан оронтой “OTP” кодыг хэнд ч хэлэхгүй байх
-Сэжигтэй линк, хуурамч сайт дээр банкны мэдээллээ оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Иргэд цахим орчинд “Азтан боллоо”, “Тэтгэлэгт хамрагдана”, “Шагнал авна” гэх мэт амлалт бүхий холбоосыг нээхдээ тухайн мэдээллийн эх сурвалжийг заавал нягтлах шаардлагатай байна.
С.Учрал
Нийтэлсэн огноо2026-08-27





