Н.Ургамалсувд: Цалин нэмэгдвэл суурь инфляц дунджаар 1.2 хувиар өснө www.gogo.mn
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголын хүрээнд цалин, тэтгэврийг нэмнэ гэж зарлалаа. Тухайлбал, соёл урлаг, спорт, хөдөө аж ахуйн буюу төрийн үйлчилгээний салбарынхны цалинг эрүүл мэнд, боловсролын салбарын түвшинд хүргэж 50 хувиар нэмэхээр тусгасан. Мөн тэтгэврийг ажилласан жилд нь уялдуулан 100-300 мянган төгрөгөөр нэмнэ гэж зарласан. Цалин, тэтгэврийн нэмэгдэл үнийн өсөлтийг дэвэргэж, инфляцыг өдөөх эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор Монголбанк ямар тооцоолол хийж байгааг тодруулахад,
Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд, Төсвийн зардлыг жил жилээр нь харахад сонгуулийн жилүүдэд огцом тэлсэн байдаг. Төсвийн зардал нь эдийн засагт мөнгө болж хэрэглээ, хөрөнгө оруулалт болдог, борлуулалт, импортыг нэмэгдүүлнэ гэх зэргээр дотоод эрэлтийг бүх үзүүлэлтээр нэмэгдүүлдэг. Дагаад инфляц өснө.
Тэгэхээр төсвийн дотоод эрэлт нь төсвийн зардлыг хэр хэмжээгээр нэмэгдүүлдэг вэ гэдгийг тооцох ёстой. Манай улсад дотоод эрэлтийн үржүүлэгч нөлөө 1.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, төсвөөс 100 төгрөг гарахад дотоод эрэлтийг 120 төгрөг болж нэмэгдүүлдэг. Дараа нь эдийн засгийг 1.2 нэгж хувиар нэмэгдүүлнэ. Төсвийн зардал 1 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд өнгөрсөн үеийн байнгын тэлэлттэй төсвийн үзүүлэлтүүдэд тулгуурлан тооцоход инфляц 0.9 нэгж хувиар нэмэгдэж байна. Суурь инфляц буюу эрэлтийн шалтгаант инфляцыг 1.2 нэгж хувиар нэмэгдүүлдэг. Илүү хүчтэй нөлөөлнө гэсэн үг.
Засгийн газраас танилцуулсан төсвийн тодотголоос харахад цалин хөлсийг нэмнэ. Дээр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 сая төгрөг болж нэмэгдэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөхөд дундаж цалин нэг нэгж хувиар нэмэгдэнэ. Нийт ажиллагсдын 13 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.
Ирэх онд төсвийн байгууллагын ажиллагсдын цалинг 170 тэрбум төгрөгөөр, ялгаатайгаар нэмэх гэж байна. Ингэснээр дундаж цалинг 5.6 хувиар өсгөнө гэж тооцож байна. Үүнтэй холбоотойгоор хувийн сектор цалингаа 4.6 нэгж хувиар нэмнэ. Нийлбэр нөлөөгөөр авч үзвэл ирэх онд дундаж цалин багадаа 10 нэгж хувиар өснө гэсэн төсөөлөл байна. Дундаж цалин 10 нэгж хувиар өсөхөд инфляци ирэх оны дөрвөн улирлын дараа 0.8 нэгж хувиар нэмэгдэнэ. Суурь инфляц буюу эрэлтийн шалтгаант инфляц 1.2 нэгж хувиар нэмэгдэх төсөөлөлтэй байна.
Нийтэлсэн огноо2026-08-26





