С.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй www.gogo.mn
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Төрийн шагналын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, төслөө УИХ-ын DPariament цахим платформд 9-р сарын 11-ний өдөр байршуулж, иргэпийн саналыг авч байна.
Энэ хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагыг:
Монгол Улсын өнөөгийн төрийн шагналын тогтолцоо нь үзэл санааны хувьд социалист нийгмийн үеийн “материаллаг бус хөшүүрэг” дээр суурилан төлөвшсөн байна.Тухайн үед төрөөс хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхдээ мөнгөн урамшууллаас илүүтэй цол, одон, медаль олгох замаар ажиллах хүчний идэвхийг өрнүүлэх бодлого баримталж ирсэн нь өнөөгийн тогтолцооны суурь болжээ.
1992 оны Үндсэн хуулиар чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш хувь хүн, байгууллага бүх төрлийн салбарт төрөөс хараат бусаар өөрийн хичээл, зүтгэлийн үр шимийг өөрсдөө хүртэх боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл чөлөөт зах зээлийн тогтолцоонд төр иргэний гавьяа зүтгэлийг үнэлэх бус иргэн хөдөлмөрлөснийхөө үр өгөөжийг цалин хөлсөөр авах, өмч хөрөнгөө арвижуулах замаар бодитоор авч байна. Тиймээс “Ардын зүтгэлтэн”, “Гавьяат зүтгэлтэн”, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гэх мэт эрхэлж буй салбарын амжилттай холбоотой шагналыг төрөөс олгох нь зохимжгүй бөгөөд төрийн бус олон нийтийн байгууллагууд салбарын шагналуудыг олгох нь зүйтэй. Харин төрийн тусгай чиг үүргийн албан хаагчдын гавьяа зүтгэл, иргэдийн баатарлаг үйлсийг төрөөс үнэлж, шагнах нь аль ч нийгэмд түгээмэл зохицуулагддаг харилцаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 13-т “улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох” асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамааруулахаар, мөн 33- р зүйлийн 7-д “улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах” бүрэн эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэрэгжүүлэхээр тус тус хуульчилсан нь төрийн шагналын тогтолцооны эрх зүйн үндэс, эрх хэмжээний хуваарилалтыг тодорхойлсон зохицуулалттай юм.
Өнөөг хүртэл төрийн шагналтай холбоотой харилцааг нэгдсэн, системчилсэн байдлаар зохицуулсан бие даасан хууль батлагдаагүй бөгөөд энэ харилцаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамж, Засгийн газрын тогтоол, салбарын журам зэрэг олон төрлийн салангид эрх зүйн актаар зохицуулж ирсэн байна.
Түүхэн хандлага нийгэм, эдийн засгийн одоогийн нөхцөл байдлаас шалтгаалан 1992 оноос өмнөх шагналын тогтолцоо тодорхой хэмжээгээр хадгалагдсаар байгаа нь бодит тоон үзүүлэлтээс харагдаж байна. Тухайлбал, 2024 онд төрийн захиргааны төв байгууллагуудаас олгосон шагналын статистик мэдээллээс үзэхэд:
Боловсролын яам 7378,
Эрүүл мэндийн яам 4400,
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 3867, Сангийн яам 3013,
Батлан хамгаалах яам 2658 ширхэг шагнал олгосон тоогоор бусад яамдыг тэргүүлж байна.
Эдгээр салбар нь харьцангуй бага цалинтай, ажлын ачаалал өндөртэй салбарууд бөгөөд шагнал олголт энд төвлөрч байгаа нь хөдөлмөрийн бодит үнэлэмжийг эдийн засгийн аргаар бус, харин шагналаар орлуулах хандлага байгааг илтгэж байна.Энэ нь урт хугацаанд хөдөлмөрийн зах зээлийн шударга үнэлэмж, урамшууллын тогтолцоонд сөргөөр нөлөөлнө.
Төрийн шагналын тоо болон түүнд зарцуулах төсвийн зардал жилээс жилд тогтмол өсөж байгаа нь энэхүү тогтолцоог системтэйгээр шинэчлэх шаардлагатайг нотолж байна.
Тоон үзүүлэлтээс үзвэл,
-2023 онд яамдын хэмжээнд нийт 26592 ширхэг шагналд 2,022,728,209 төгрөг (ойролцоогоор 2 тэрбум) зарцуулсан бол
-2024 онд 33736 ширхэг шагналд 2,759,254,550 (ойролцоогоор 2,8 тэрбум) төгрөг зарцуулж, нийт зардал 36%-иар өсжээ.
Бүх яамны шагналд зарцуулж буй нийт зардлын 88% нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд оногдож байна.
-Нэг шагналд 8,345,890 төгрөг зарцуулж буй дундаж зардлаар ХХААХҮЯ бусад яамдаасаа тэргүүлж байна.
Нийт яамдын нэг шагналд зарцуулж буй дундаж зардал 9636 төгрөг байна. Энэ нь төрийн шагнал олголт нь салбар бүрт харилцан адилгүй, системчилсэн нэгдсэн стандартгүй байгааг харуулахаас гадна, шагналын тоо болон төсвийн зарцуулалтын өсөлт нь бодит үр ашиг, хөдөлмөрийн үнэлэмжийн зарчимтай нийцэхгүй байгааг нотолж байна.
Ялангуяа шагнал олголт нь бодит гавьяа зүтгэлд тулгуурлахаас илүүтэй албан тушаал, танил тал болон улс төрийн нөлөөллөөс хамаардаг гэх хандлага олон нийтийн дунд түгээмэл болжээ. Түүнчлэн, төрийн шагналыг улс төрийн дэмжлэг авах, сонгуулийн үр дүнд нөлөөлөх хэрэгсэл болгон ашиглаж байна.
Дэлхийн улс орнууд төрийн шагналын тогтолцоог тусгай хууль, эрх зүйн актаар нэгдмэл байдлаар зохицуулж, гавьяа зүтгэлийг үнэлэх ил тод, шударга, шалгуурт суурилсан системийг хөгжүүлсэн байдаг.
Иймд төрийн шагналын зорилго, хамрах хүрээ, нэр төрөл, ангилал, олгох үндэслэл, шалгуур үзүүлэлт, шийдвэр гаргах журам, нэр дэвшүүлэх ажиллагаа, хяналтын тогтолцоог нэгдсэн байдлаар хуульчлан тодорхой болгож, шагнал олголтын ил тод, шударга зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, давхардал, хийдэл, хуулиас гадуур шагнал бий болох явдлыг таслан зогсоох, төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг хангахад чиглэсэн эрх зүйн цогц зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан гэж үзэл баримтлалд дурджээ.
Нийгмийн хувьд энэхүү хууль батлагдсанаар иргэдийн шударга ёсны талаарх итгэлийг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.Сүүлийн жилүүдэд төрийн шагналыг хавтгайруулан, бодит гавьяа зүтгэлд тулгуурлалгүй олгож байна гэсэн олон нийтийн шүүмжлэл нэмэгдсэн нь нийгмийн төрд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх болсон.
Хууль зүйн хувьд төрийн шагналтай холбоотой харилцааг бие даасан хуулиар нэгдсэн, системчилсэн байдлаар зохицуулах бөгөөд одоогийн салангид, уялдаа холбоогүй дүрэм, журмаас үүдэлтэй эрх зүйн хийдэл, тодорхой бус байдлыг арилгана.Үүний үр дүнд шагнал олгохтой холбоотой шийдвэр гаргах үйл явц ил тод, нээлттэй, хяналттай болж, ашиг сонирхлын зөрчил, авлигын эрсдэлийг бууруулах эрх зүйн орчин бүрдэнэ.
9-р сарын 11-ний өдөр нээлттэй байршуулсан энэ хуулийн төслийг 600 гаруй хүн үзэж, дөрвөн хүн саналаа өгчээ. Та хуулийн төсөлтэй танилцаж, саналаа өгөх бол ЭНД дарна уу.
Нийтэлсэн огноо2026-10-04





