Чикагогийн биржтэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн сургалт семинар зохион байгуулна www.eguur.mn
“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь АНУ-ын Чикагогийн түүхий эдийн бирж (CME Group) болон Сингапур улсад төвтэй, олон улсын санхүүгийн үйлчилгээний PhillipCapital групптэй хамтран “Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт хоёр өдрийн воркшоп (сургалт семинар)-ыг аравдугаар сарын 21–22-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэ хүрээнд олон улсын түүхий эдийн үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн бүтэц, үйл ажиллагаа, үнэ тогтох механизм, жишиг үнэ бүрдэх үйл явц, клиринг, зах зээлийн зохицуулалт болон эрсдэлийн удирдлагын тогтолцооны талаарх олон улсын туршлагыг танилцуулах аж.
Монгол Улс нүүрс, зэс болон бусад ашигт малтмалын томоохон олборлогч, экспортлогч орны хувьд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай тул энэхүү эрсдэлийг бууруулахын тулд фьючерс болон бусад үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай.
Үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаа нь худалдагч, худалдан авагч болон бусад зах зээлийн оролцогчдод үнийн эрсдэлийг удирдах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зах зээлийн ил тод байдал, бодитой үнэ тогтох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Г.САНСАР
Нийтэлсэн огноо2026-10-06





